Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдлыг бууруулах асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргасан юм. Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч хүсэлт гаргасан тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг ЗААВАЛ явуулна гэж заасны дагуу УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор Ерөнхий хяналтын сонсголыг 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагт Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатарын танхимд зохион байгуулахаар товлосон.
Сонсголд оролцохыг хүссэн хуулийн этгээдийн төлөөлөл, иргэд нь овог, нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтийг бичгээр болон цахим шууданд захидал илгээн бүртгүүлнэ. Бүртгүүлэх хугацаа нэгдүгээр сарын 23-ны өдрийн 17:30 цаг хүртэл ажээ.