Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах юм. Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр 18:00 цагт хуралдаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн чуулганы хуралдаанд шилжүүлсэн.
Энэ хуулийн төслөөр УИХ-ын даргыг олонхийн саналаар чөлөөлөх заалтыг тусгаж байгаа. Уг хуулийн баталсны дараагаар мөрдөх хугацааг заах саналыг гишүүн С.Бямбацогт гаргасан. Чуулганы хуралдаанаар дэмжсэн энэ заалтад Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хугацаа зааж өглөө. Ингэхдээ энэ хуулийг нэгдүгээр сарын 25-ны өдрөөс хэрэгжүүлэх санал дэмжигдсэн юм.
Хуулийг хэрэгжүүлэх хугацаанд Ерөнхийлөгч хориг тавих асуудал яригдаж байсан юм. ЕТГ-ын дарга З.Энхболд "Ерөнхийлөгч өөрийн санаачилсан хуулиндаа хориг тавьж байгаагүй. Яаралтай батлах хуулийг би УИХ-ын дарга байхдаа тухайн үеийн ЕТГ-аас асуучихдаг байсан" гэсэн тайлбарыг өгч байлаа. Гишүүн Ж.Мөнхбат "Түүхэндээ Ерөнхийлөгч хууль санаачилчихаах хориг тавьж байсан тохиолдол байдаг юм билээ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Өршөөлийн хуулийг санаачилчихаад өөрөө хориг тавьж байсан тохиолдол бий. Тиймээс хоригийн хугацааг хараад, ёсчлох хугацааг хараад энэ сарын 25-нд хэрэгжүүлнэ" гэснээр явах хэрэгтэй" гэсэн бол гишүүн С.Бямбацогт "Бид асуудлыг практикаар асуудалд хандахгүй. Хуулиа дагаж мөрдөх ёстой. УИХ-ын тухай хууль "УИХ-ын дарга хуулийг ажлын гурав хоногийн дотр батална" гэсэн байгаа. УИХ-ын баталсан хуулинд хориг тавих ганцхан эрх Ерөнхийлөгчид хадгалагддаг. Үүнийг Үндсэн хуульд заасан байдаг. Хуулиар зохицуулагдаагүй бол жишиг байж болно. Гэтэл хуульд цагаан дээр хараар заасан байгаа. Бие биенээ хардаад байх шаардлагагүй. Бидэнд итгэлцэл, ойлголцол хэрэгтэй байна. Дундуур нь хар муур гүйхээр ямар ч итгэлцэл байхгүй болоод байна." гэдгийг онцолж байлаа.
Хуулийг баталснаас хойш Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болдог. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн хэрэгжүүлэх хугацааг энэ сарын 25-ноор товлохыг дэмжсэн юм.