С.Мөнхчулуун Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч боллоо
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VI хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг томилох асуудлыг хэлэлцлээ. Tэлжит бус хуралдаан 43 төлөөлөгчийн ирцтэйгээр хуралдав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид НИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг НИТХ-ын МАН-ын бүлгээс дэвшүүллээ. Танхимаас төлөөлөгч С.Мөнхчулуун нийслэлийн Засаг даргад өөрийн нэрийг дэвшүүлсэн.
Хоёр нэр дэвшигчийг нууц санал хураалт явуулж шийдэх зарчимтайг хурал даргалагч Б.Батнасан хэлсэн юм. Нэр дэвшигч С.Мөнхчулуун тооллогын комиссыг таван хүний бүрэлдэхүүнтэй байх санал гаргав. Улмаар НИТХ дахь МАН-ын бүлгээс төлөөлөгч Б.Сүхбаатар, Э.Бат-Амгалан, Д.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, АН-ын бүлгээс төлөөлөгч Ц.Одонтунгалаг нарыг тооллогын комисст орууллаа. Тооллогын комиссын даргаар төлөөлөгч Ц.Сандаг-Очир, нарийн бичгийн даргаар Б.Сүхбаатар нарыг томилов.
Нууц санал хураалтаар С.Мөнхчулуун олонхийн саналыг буюу 24 төлөөлөгчийн, С.Амарсайхан 19 төлөөлөгчийн саналыг авсан байна. Нийт төлөөлөгчдийн 55.8 хувийн саналыг авсан С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо.
Санал хураалтын дүн гарсны дараагаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдсон С.Мөнхчулуун "Нийслэлийн Засаг дарга гэдэг бол нэгэн "том" айлыг удирдаж явах, нийслэлчүүдийн ажил, амьдрал цаашдын асуудлыг шийдэх ёстой. Миний хувьд хамгийн түрүүнд МАН-аас дэвшүүлсэн "Аз жаргалтай хот" мөрийн хөтөлбөрийг 100 хувь биелүүлэхийн төлөө ажиллана гэж бодож байгаа. Нийслэлийн төсөв дээр баталсан нэг төгрөгний төлөө ч хяналт тавьж ажиллана. Халаа сэлгээ, томилгооны асуудлыг өнөөдрийн байдлаар хэлэх боломжгүй. Эхний ээлжинд Ерөнхий сайд батламжлах ёстой" гэв.
Ерөнхий сайд НИТХ-аас хүргүүлсэн саналыг нэг удаа буцаах эрхтэй. Саналыг буцаасан тохиолдолд 15 хоногийн дотор тухайн шатны хурал дахин хэлэлцэж, санал хүргүүлж Ерөнхий сайд тав хоногийн дотор томилох үүрэгтэй байдаг.
С.Мөнхчулуун нь СХД-ийн тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Иргэдийн хуралд намын бүлгийн тэргүүлэгч, МАН-ын дэд даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай аж.