Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа дижитал хэлбэрт шилжиж иргэдэд өгөөжөө өгч эхэлжээ
Монгол Улсын Засгийн газар дижитал шилжилтийн суурь болсон шийдлүүдийг богино хугацаанд нэвтрүүлж, хувийн хэвшилд ашиглах боломжийг олгож байгаа нь төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна.
Төрийн мэдээлэл солилцооны ХУР системийг энэ оны 4-р сард, танилт мэдрэлтийн ДАН системийг 10-р сараас эхлэн нэвтрүүлснээр иргэдийн мэдээллийг таних, иргэдэд зориулсан үйлчилгээг дижитал хэлбэрээр хүргэх боломжтой болсон.
НӨАТ-ын шинэ хуультай холбоотойгоор иргэдийг сугалаанд хамруулж, тэдэнд жилийн эцсийн байдлаарх төлсөн татварын 20 хүртэлх хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгодог бөгөөд сүүлийн үед иргэд сугалааг болиулж буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Ямартай ч хуулийн хэрэгжилтийн үр дүнд татварын бүртгэл сайжирч, татварын албанд бүртгэлтэй бизнес эрхлэгчдийн тоо, татварын хувь хэмжээ ч нэмэгдсэн сайн дүр зургууд ажиглагдаж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн иргэдийн НӨАТ-ын баримтаа бүртгэлжүүлэх, аль болох хамгийн хялбараар буюу гар утаснаасаа худалдан авалтын баримтаа онлайнаар бүртгэх хандлага эрс нэмэгдэж, ebarimt апликэйшний таталт, хандалт сүүлийн жилд огцом нэмэгдсэн байна.
Төрийн ХУР болон ДАН системийг арилжааны хоёр банк ашиглан НӨАТ-ын буцаан олголтыг дижитал хэлбэрт шилжүүлж, НӨАТ-ын буцаан олголтын мэдээлэлд тулгуурласан зээлийн үйлчилгээг үзүүлсэн. Ингэхдээ харилцагчийг таних болон зээл авахад шаардлагатай баримт материалуудыг заавал банкинд авчрахгүйгээр зээлийг нь шийдвэрлэх боломжтой болсон. Ингэснээр иргэдэд төрийн үйлчилгээг гар утаснаасаа хамгийн хялбараар авч болох боломжийг таниулжээ.
Энэ мэт төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулсан, хувийн хэвшлийг дэмжсэн олон шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас 2018 онд гаргасан нь иргэдийн амьдралд бодит үр, өгөөжийг авчирчээ.