М.Энхболд огцрохгүй бол жагсаалыг Их тэнгэрийн аманд үргэлжлүүлнэ гэв
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах хуулийн заалтыг нэн даруй хэлэлцэхийг шаардаж мэдээлэл хийв. Эдгээр гишүүд МАНАН дэглэмийг хамгаалагчид цаг хожиж байна хэмээгээд маргааш /2019.01.15/ чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж, дундуур нь холбогдох байнгын хорооны хуралдааныг зарлан хуульд өөрчлөлт оруулах асуудлыг яаралтай хэлэлцэхийг шаардсан юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлэхдээ “2019.01.10-ны өдөр төв талбай дээр МАНАН дэглэмийг нураах зорилгоор олон нийтийн эсэргүүцлийн жагсаалыг бид зохион байгуулсан. Жагсаал цуглаанд улс орны өнцөг булан бүрээс хүмүүс ирж, дуу хоолойгоо нэгтгэсэн. Жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзсан. Бидний жагсаал цуглаан үр дүнд хүрч байгаа. Жагсаал цуглааны үр дүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ хуралдаж, нийгэмд үүсээд байгаа бухимдлыг зохих ёсоор нь үнэлж дүгнээд шийдвэр гаргасан. Ийм шийдвэр гаргасан учраас жагсаал түр тарсан. Учир нь жагсагчдын шаардлага биелж байна гэж бид үзсэн.
ҮАБЗ-өөс 2019.01.10-ны дотор УИХ-ыг даргыг огцруулдаг хуулийн өөрчлөлтийг батлахыг чиглэл болгосон. Харин УИХ-ын дарга М.Энхболд, АН-ын дарга С.Эрдэнэ нар өөр тайлбар хийж, зөвлөмжид заасан хугацаанд биелэгдэхгүй байдалд оруулсан. Хуульд ҮАБЗ-ийн шийдвэрийг үндэслэн төрийн дээд байгууллага бүрэн эрхийнхээ дагуу холбогдох шийдвэрийг гаргах ёстой гэж заасан байдаг. ҮАБЗ-ийн зөвлөмжийг заасан хугацаанд шийдвэрлэхийн тулд УИХ-ын дарга ҮАБЗ-д багтдаг юм. Гэтэл тухайн өдөр УИХ-ын дарга дөрвөн гишүүнтэй холбоотой асуудлыг чуулганаар оруулсан. Бид горимын санал гаргаж байж УИХ-ын даргыг чөлөөлж огцруулдаг хуулийн шинэ заалтыг 2019.01.11-ны чуулганаар хэлэлцэх эсэхийг нь дэжүүлсэн. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хороогоор нэгдүгээр хэлэлцүүлгийг хийсэн. Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж, улмаар Төрийн байгуулалтын байнгын хороогоор дахиж нэг удаа хэлэлцэх ёстой. Энэ долоо хоногтоо чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлагдана. Батлагдангуут шинэ хуультай уялдуулж, УИХ-ын 40 гишүүн УИХ-ын даргыг огцруулах бичгийг өргөн барина. Ингээд хуулийн дагуу ирэх долоо хоногт УИХ-ын даргыг өөрчлөх үйл явц өрнөнө. Ямар нэгэн саад тотгор үүсэх юм бол бид эсэргүүцлийн дараагийн үе шатандаа орно. УИХ-ын дарга амьдардаг газар болох Их тэнгэрийн аманд өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ.
Ийм байдал үүсэх магадлалтай байна. Учир нь чуулганы хуралдааныг мягмар гарагт хуралдуулах боломжтой. Байнгын хороодыг дундуур нь хуралдуулах боломжтой. Гэтэл УИХ-ын дарга М.Энхболд гуай хэлэлцэх асуудлын дарааллын долоо дахь асуудал болгож УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслийг оруулж байна. Тиймээс бид хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд тавих санал гаргана. Мөн цөөнхийн бүлгийн гишүүд бүлгээсээ гарсан асуудлыг даруй шийдвэрлэхийг шаардах болно. Тэгэхгүй бол МАНАН бүлэглэлийн төлөөлөгчид хоорондоо хуйвалдаж асуудлыг гацааж байна” гэсэн юм.