УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэллээ
УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ыг нэн яаралтай тарааж, ээлжит бус сонгууль зарлах тогтоолын төсөл боловсруулсан байна. Энэ талаар өнөөдөр тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийв.
Тэрбээр, “УИХ, Засгийн газрын үл ойлголцол тэмцлийн хэлбэрт шилжиж, Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай болсон. Мөн гишүүд албан тушаал, авлигын гэмт хэрэгт холбогдсон нь Монгол төрийн хууль дээдлэх үндсэн зарчим алдагдахад хүргэж байна. Тиймээс АН-ын Удирдах зөвлөлөөс бидэнд ирүүлсэн зөвлөмжийн дагуу дээрх тогтоолын төслийг боловсруулсан. Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд заасны дагуу тогтоолын төсөлд нийт гишүүдийн 66 хувь гарын үсэг зурсан байх ёстой. Тиймээс эхлэн УИХ-ын гишүүдийг гарын үсэг зурахыг уриалж байна. УИХ-аас тогтоолыг баталсан тохиолдолд ээлжит бус сонгуулийг энэ оны зургадугаар сард зохион байгуулахаар товлох нь зөв. Үүнд 16 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 2019 оны төсөвт тодотгол хийх замаар санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой” гэлээ.
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг