Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд парламентад үүссэн гацааг арилгана гэж үзээд УИХ-ын болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Тус төслийг парламент энэ долоо хоногт төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхлэх төлөвтэй. Уг хуулийн төсөл төрийн тэргүүн Х.Баттулгын зүгээс санаачлан УИХ-д хүргүүлж буй дөрөв дэх төсөл болж байна. Өмнө нь тэрбээр шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Валютын зохицуулалтын хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, хүүхдийн мөнгө олгох тухай УИХ-ын тогтоолын төсөл зэргийг өргөн барьж байжээ. Үүнээс Багахангай, Налайх дүүрэгт шүүх байгуулах тухай хуулийн төслийг нь л парламент “хүлээн зөвшөөрчээ”. Энэ тухай ЕТГ-аас УИХ-д хүргүүлсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын нэг жилийн үйл ажиллагааны танилцуулгад дурдсан байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд төрийн тэргүүн УИХ-ын үйл ажиллагаа болон хэлэлцсэн зарим асуудалд хэрхэн оролцсон хийгээд парламент түүний санал, хүсэлтэд яаж хандсан талаар сонирхоход доорх дүр зураг тодорч байна.
Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд найман удаа оролцож үг хэлжээ. Түүний ерөнхийлөгчийн хувиар үг хэлсэн анхны чуулган Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн танилцуулга байв. Үүнээс гадна парламентаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуульд түүний тавьсан хоригийг хэлэлцэх үед байр сууриа илэрхийлжээ. Мөн үндэсний аюулгүй байдлын талаар, Агаарын бохирдолтой “онц байдал” зарлан тэмцэх тухай, хүүхэд хамгааллын асуудлаар болон иргэдээс дэвшүүлсэн санал, хүсэлт, гомдол, шаардлагыг УИХ-ын үйл ажиллагаанд тусгаж ажиллах талаар чуулганы хуралдаанд биечлэн оролцон үг хэлж, үүрэг чиглэл өгчээ.
Ерөнхийлөгчийн санаачилсан ганцхан хууль парламентаар “зөвшөөрөгдөв”
Харин Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд парламентаас баталсан дөрвөн шийдвэрт хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавьсан боловч УИХ-ын чуулганаар тэдгээрийг хэлэлцээд нэгийг нь ч хүлээн аваагүй байна. Тухайлбал, Сангийн сайдаар томилогдсон Ч.Хүрэлбаатарыг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн УИХ-аас Засгийн газрын гишүүнээр томилсон тогтоолд хориг тавьсан ч гишүүдийн олонх хүлээж аваагүй юм. Мөн Д.Гантулга, Д.Мурат нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг хүлээж аваагүй УИХ-ын 45, 47 дугаар тогтоолд хориг тавьсан. Гэвч парламент хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна. Нөгөө хоёр нь дээр дурдсан төсвийн хууль болон Нийгмийн даатгалын сангийн төсөвтэй холбоотой юм.
УИХ-ын гишүүд, ерөнхийлөгчийн зүгээс гаргасан санал, санаачилга, хуулийн төслийн дийлэнхийг хүлээж аваагүй ч албан тушаалд санал болгосон хүмүүсийг томилоход кнопоо харамлаагүй байна. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон ҮХЦ-ийн гурван гишүүний оронд Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарыг 96-гаас дээш хувийн саналаар дэмжсэн. Мөн Монгол Улсаас Шведийн вант улс болон Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад элчин сайдаар сууж байсан М.Энхсайхан, С.Баяр нарыг эгүүлэн татаж оронд нь О.Энхцэцэг, Н.Тулга нарыг томилсны зэрэгцээ Япон улсад Д.Батжаргал, Канадад Я.Ариунболд нарыг элчин сайдаар ажиллуулах Ерөнхийлөгчийн саналыг УИХ дэмжсэн байна. Харин Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын удирдлагад нэр дэвшүүлсэн хоёр хүнийг парламентын босгоор ч давуулаагүй юм.
Х.Баттулга АТГ-ын дарга Ц.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарыг УИХ-аас нөхөн томилсон учраас бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон гэж үзэж оронд нь Д.Даваа-очир, Ж.Батсайхан нарыг томилуулахаар УИХ-д санал хүргүүлсэн. Гэвч УИХ-аас “АТГ-ын дарга Ц.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарыг томилсон УИХ-ын тогтоолууд дээр “нөхөн томилох” гэдэг үг байхгүй учир 2021, 2022 он хүртэл солих боломжгүй” гэсэн хариуг өгснөөр Ерөнхийлөгч, спикер хоёрын дунд зөрчил үүсэж өдгөө ч үргэлжилсээр байгаа. Зөрчлийн тод хэлбэр бол Ерөнхийлөгчийн зүгээс гурван ч удаа Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай хүсэлтийг УИХ-д хүргүүлснээс тодорхой байгаа. Эхнийх нь Монгол Улсын шадар сайдыг гүйцэтгэх ажиллагааны шугамаар тагнаж, чагнан, бусадтай ярилцсан яриаг нь улс төрийн зорилгоор олон нийтэд цацсан хэрэгтэй холбоотой. Удаах нь 60 тэрбумын хэрэгтэй холбоотой. Сонирхолтой нь дээрх хоёр хүсэлтийг нэг өдөр буюу 2017 оны Намрын чуулганы эхэнд гаргасан боловч татгалзсан хариуг өгөөд байгаа. Өнгөрсөн оны төгсгөлд Ерөнхийлөгчийн зүгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн. Энэ удаад УИХ-ын дарга Ерөнхий хяналтын сонсгол явуулахыг дэмжиж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор өнгөрсөн сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн боловч парламентын гацаанаас болж хойшлогдсоор байгаа юм.