Хүйтний эрч чангарсан өнгөрсөн сард МАН-ын “ханиад” хурц хэлбэрт шилжиж улс төр “халуунтай” байлаа. МАН-ын хагарал гүнзгийрч, У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн нь улс төрийн тэмцлийг улам хурцатгав. Засгийн газрыг огцруулахыг хэлэлцсэн чуулганы хуралдааны үйл явц Засгийн газрын нэг сайдыг огцруулах нөхцөл бүрдүүлсэн. Танхимынхаа эсрэг санал өгсөн БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулахын зэрэгцээ ЗТХ-ийн сайдаар томилогдоод хоёр сар ч хүрээгүй байсан Я.Содбаатарыг ЖДҮХС-тай нэр холбогдсон учраас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Монголын Засгийн газрын түүхэнд гарч байгаагүй үйл явдал болов. Мөн У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэх чуулган МАН-ын хагарлыг ангайлгаад зогсохгүй парламент дахь АН-ыг ч доргиож, эвгүй байдалд оруулав. АН-ынхан бүлгийнхээ шийдвэрийн эсрэг санал өгсөн Ж.Батзанданг намаас хөөх, Л.Болд, Д.Мурат нарыг дахин АН-аас нэр дэвших эрхийг нь хасах шийдвэр гаргасан нь улс төрд “дайны хажуугаар дажин” дэгдээсэн юм.
Намынхаа шийдвэрийг эсэргүүцэж Л.Болд намаас гарахаа мэдэгдсэн нь АН-ыг төрийн эрх барих дээд байгууллагад бүлэггүй болгох хэмжээнд хүргэв. Харин парламент дахь бүлэг нь татан буугдах дээрээ тулаад байсан АН-ынхан IX их хурлаа төрийн ордонд төвшин амгалан хийсэн нь улс төрийн сонирхолтой үзэгдэл болсон. Тус хурлаар АН-ын үзэл баримтлалыг шинэчлэн батлах, намын дүрэмд өөрчлөлт оруулах, ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглэх зэргийг ярилцсан нь улс төрийн хэрүүл тэмцлээс ангид уур амьсгалд болж өнгөрсөн гэж үзэж болохоор.
Харин МАН-ын дотоод тэмцэлд АН-д гадуурхагдсан хоёр гишүүн идэвхтэй оролцож эхэлснээр улс төрийн хямрал жинхэнэ утгаараа парламентыг нөмөрсөн. Чуулганы болон байнгын хорооны хуралдаан тасалдаж, цаг хугацаа шаардсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх нь хойшлогдож намын хагарал, төрийн хямралд хүргэв. Өнгөрсөн сард байнгын хорооны хуралдааныг 20 удаа зарласан боловч ТББХ болон НББСШУ-ны байнгын хороод л тус бүр гурав, өргөдлийн байнгын хороо нэг удаа хуралджээ. Нөгөө таван хороо болон УИХ-ын нэгдсэн чуулган ирц хүрээгүй шалтгаанаар нэг ч хуралдсангүй. Мөн ёс зүйн хорооны хурлыг дөрвөн удаа зарласан ч есөн гишүүний тав нь ирцэд бүртгүүлэлгүй өдий хүрчээ. Хамгийн сүүлд буюу өчигдөр мөн л ёс зүйн дэд хорооны хуралдаан зарласан ч УИХ дахь хамгийн “ёс зүйтэй” гишүүд нь хуралдаа ирсэнгүй.
УИХ-ын дөрвөн гишүүн парламентын үйл ажиллагааг доголдуулсан “хэргийн эзэн”ээр давхар дээлтэй сайд нарыг тодруулж, энэ Засгийн газрыг ҮХЦ-д өгөхөө мэдэгдэв. Харин тэдний үйлдлийг парламентын тасралтгүй үйл ажиллагааг хангах гэхээс илүү УИХ-ын даргыг ҮХЦ-д өгсөн Ерөнхий сайдын эсрэг үйлдэл гэж хардаад өнгөрөв. УИХ-ын даргыг чөлөөлөх эсэхийг ҮХЦ хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байх зуур УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулахаа мэдэгдсэн, УИХ-ын 38 гишүүн спикер М.Энхболдыг чөлөөлөгдтөл УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүйгээ зарласан, жагсаал хүртэл зохион байгуулсан зэрэг харилцан “дайсагнал” өрнөснийг өгүүлэх нь зүй. Гэхдээ энэ хооронд УИХ, Засгийн газрын харилцаа таг гацсан гэж дүгнэж болохгүй. Ёс ёмбогороо алдсан ч төр төмбөгөрөө тавиад туучихаагүй гэдгийг Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг УИХ-ын дарга өөрийн биеэр гардаж авснаас харж болно. Тухайлбал, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хоёр, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар гурван хуулийн төсөл өргөн барьжээ.
Хүлээлт дунд өнгөрсөн хүйтэн сарын улс төр “халуунтай” байлаа
Ерөнхийлөгчийн зүгээс ч агаарын бохирдлын асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг М.Энхболдод хүргүүлсэн юм.
Төрийн дээд түвшинд улс төр “халуунтай” байх зуур НИТХ ч “бүлээрч” өнгөрөөв. Ерөнхий сайдын зүгээс хотын дарга С.Батболдыг огцруулах санал биеллээ олж, тэрбээр хотын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө гаргасан. Ингэснээр нийслэлд Ерөнхий сайд “ялалт байгуулсан” юм. Харин Нийслэлийн Засаг даргын суудалд санаархагчдын марафон энэ өдрүүдэд ч үргэлжилж буй.
Арванхоёрдугаар сарын төдийгүй өнгөрсөн жилийн онцлох үйл явдалд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад хийсэн айлчлал зүй ёсоор орно. Айлчлалын хүрээнд хоёр орны ерөнхий сайд нар “Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бүр бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл” гаргасан юм. Тус мэдэгдэлд эдийн засаг, хөдөө аж ахуй эрүүл мэнд, спорт, батлан хамгаалах, бүс нутгийн тайван байдлыг хангах зэрэг олон салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар тусгасан байв. Мөн У.Хүрэлсүх тус улсад Монголын худалдааны төлөөлөгчийн газар нээхээр болсон. Түүнээс гадна монголчуудад хамгийн их үр өгөөжөө өгөх шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэхээр ярилцаж, тохиролцсон нь анхаарал татаж буй. Манай Засгийн газар шинэ нисэх онгоцны буудлыг саадгүй ашиглалтад оруулах бэлтгэл ажлын хүрээнд холбогдох байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгах, шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагааны менежментэд шаардлагатай холбогдох яам, агентлаг, байгууллагыг нүүлгэх, олон улсын болон дотоодын бүхий л арилжааны нислэгийг нүүлгэн шилжүүлэх ажлыг нээлтээс өмнө бүрэн дуусгахаа амласан. Харин Японы тал нисэх онгоцны буудлын аюулгүй үйл ажиллагааны менежментийг хангах нөхцөлөөр богино хугацаанд ашиглалтад оруулах чиглэлд Японы консорциумын үйл ажиллагааг дэмжихээ мэдэгдсэн юм.
Мөн өнгөрсөн сард БНАСАУ-ын гадаад хэргийн сайд Ри Ён Хо Улаанбаатарт айлчилсан нь манай улсын гадаад харилцаанд чухал үйл явдалд тооцогдож байна. ГХ-ны сайд Д.Цогтбаатарын урилгаар ирсэн тэрбээр ирэх онд тохиох Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хийгээд хоёр орны хамтын ажиллагааг соёл, боловсрол, спорт, хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэх зорилго өвөртөлж ирсэн байв. Мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөө хоёр улс санаа нэгтэй байдгийг ахин тодотгосон нь Монгол Улс тус асуудалд гүүр болж чадахыг олон улсад дахин батлан харуулсан явдал байв.