УИХ-ын чуулганы 2019 оны анхны нэгдсэн хуралдааныг 10:00 цагаас зарлаад байсан ч МАН-ын бүлэг хуралдах шалтгаанаар чуулганы нээлтийг хойшлууллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар цаг үеийн нэн шаардлагатай 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байсан ба УИХ-ын дарга М.Энхболд чуулганы индэр дээрээс УИХ-ын даргыг огцруулах тухай УИХ-ын 40 гишүүний шаардлагыг дурдаад “УИХ-ын даргыг огцруулах хуулийн үндэслэл байхгүй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хариуг үндэслэн миний бие 2018.12.28-ны өдөр нэр бүхий 40 гишүүнд албан бичиг хүргүүлсэн” гэж тайлбарласан юм.
Тэрбээр мөн “Оны өмнө долоон удаагийн чуулган хуралдаж чадаагүй. Зайлшгүй цаг хугацаатай асуудлууд хуримтлагдсан байгаа. 2019.01.01-нээс эхлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал, Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудал байгаа. Төрийн албаны хууль хэрэгжиж байгаатай холбоотой төрийн албан тушаалтны зэрэглэлийг батлах тухай зэрэг журмууд батлагдах шаардлагатай байгаа. Тийм учраас бид ирцээ бүрдүүлж яаралтай хуралдах шаардлага байна” гэсэн юм.
Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнөөдрийн чуулганы хуралдаанаас өмнө МАН-ын бүлэг хуралдаж, зарим асуудлыг хэлэлцэх учраас чуулганыг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт тавьснаар бүлгийн хуралдааныг хуралдуулах боломж олгож 2019 оны анхны чуулганы хуралдааны нээлтийг хойшлуулав.