Гурван гишүүнийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж АТГ үзсэн
Авлигатай тэмцэх газраас энэ онд иргэдийн дунд шударга байдал болоод авлигын индексийн судалгааг явуулахад үнэлэмж буурсан байна. Тухайлбал, авлига их тархсан институтээр нэгдүгээрт, шүүх байгууллага оржээ. Араас нь газрын алба, гуравдугаарт эрүүл мэндийн байгууллагыг эрэмбэлсэн аж.
Харин Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, соёл урлагийн газрууд иргэдээс “сайн” гэсэн үнэлгээ авсан бол Эрчим хүчний яам, Баян-Өлгий, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар “муу” дүн авав.
Тус газраас хийсэн хэвлэлийн хурлын үеэр дээрх мэдээллийг өгсөн бөгөөд АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн Ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар сэтгүүлчдийн зарим асуултад хариулав.
-ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд, тэдний хамаарал бүхий этгээдүүд зээл авсан хэргийг шалгаж байгаа юу. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-ЖДҮХС-гаас улс төрийн албан тушаал хашиж байгаа болон тэдний хамаарал бүхий этгээд зээл авсан хэрэг тогтоогдоод, мөрдөн шалгаж байгаа. 100 гаруй тэрбум төгрөгтэй холбоотой, олон компанийг хамарсан хэрэг учраас цаг их орж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон хэргүүдийн талаар бид тухайн үед нь мэдээлээд явна.
-ЖДҮХС-тай холбоотой УИХ-ын 10 гишүүнийг байцаасан гэсэн. Ер нь нийт хэдэн гишүүнийг шалгаж, байцааж байгаа вэ?
-Нэр бүхий гишүүд гэрчээр мэдүүлэг өгч байгаа. Тухайн хүмүүсийн хамаарал бүхий компаниуд зээл авсан учраас нөлөөлсөн эсэхийг тогтоох үүднээс мэдүүлэг авч байна. Тоог нь хэлэх боломжгүй. Олон гишүүн мэдээлэл өгсөн.
-Нэр бүхий гишүүдийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх саналыг прокуророос өгсөн гэдэг үнэн үү?
-Манайхаас гурван гишүүнийг түдгэлзүүлэх шаардлагатай гэдэг үндэслэл гаргасан. Прокурор хэрхэн шийдэхийг мэдэхгүй байна.
-Гурван гишүүнийг түдгэлзүүлэх болсон үндэслэл нь юу вэ. ЖДҮХС-аас авсан мөнгөө ББСБ-аар угаасантай холбоотой гэсэн мэдээлэл байна?
-Хэргийн үйлдэл, аргачлалын талаар мэдээлэл өгөх үүрэг хүлээхгүй. Зарим зүйл дээр хуулиар хязгаарлагдсан байгаа тул хариулах боломжгүй байна.
-Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг мөрдөн шалгаж байгаа юу?
-Бусдаас дөрвөн сая ам.доллар авсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийж байна. Нийтэд энэ талаар мэдээлэл түгээсэн хүн нь гадаадад гарсан тул уулзаагүй байгаа. Хэрэгтэй холбоотой бусад нотлох баримтуудыг шалгаад явж байгаа.
60 тэрбумын асуудлыг шалгах ажлын хэсгүүд ажиллаж байна
-БОАЖЯ-ны газрын дарга Г.Нямдавааг шалгаж байгаа юу?
-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хариуцаж байсан албан тушаалтнуудыг мөрдөн шалгаж байгаа. Цэвэр агаар сантай холбоотойгоор мөрдөн шалгах ажил дөнгөж эхлээд явж байгаа тул хэдэн албан тушаалтан гэсэн тоог одоогоор хэлэх боломжгүй байна. Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Цагдаагийн байгууллагатай хамтарсан Ажлын хэсэг байгуулсан. Сангийн зарцуулалтын талаарх мэдээллийг дараагийн хурлаар илүү тодорхой өгөх боломжтой болох байх.
-60 тэрбумын гэх хэрэгтэй холбоотой мэдээлэл өгөхгүй юу?
-60 тэрбум төгрөгөөр төрийн албыг арилжсан гэсэн хэрэг хоёр жил яригдаж байна. 2017 оны долоодугаар сард эрүүгийн хэрэг үүсгээд тагнуулын ерөнхий газар, АТГ, ЦЕГ-ын мөрдөн байцаах алба хамтарсан Ажлын хэсэг гаргаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Ингээд тухайн яриа болжээ гэдгийг тогтоосон. Харин хэрэгжсэн үү, үгүй юу гэдэг нь асуудал дагуулж байгаа. ТЕГ-аас “Энэ схем хэрэгжсэн талаар мэдээ мэдээлэл авлаа, хэргийг сэргээн шалгах шаардлагатай” гэсэн. Улсын ерөнхий прокурор Д.Баярмагнай 60 тэрбумын хэргийг сэргээж мөрдөн шалгах шаардлагатай гэсэн тушаал ирүүлсэн. Мөн өмнөх баг ажиллах тухай заасан ч тухайн үед ажиллаж байсан цөөн хэдэн хүний албан тушаал өөрчлөгдсөн тул зарим нэг хүний өөрчлөлт оруулаад мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Тагнуулынхан өөрсдөө бас шалгаж байгаа. Өмнөх бүх ажлын хэсэг ажиллаж байна.