МАХН-аас санаачлан хуульч, эрдэмтэн судлаачдын хамтаар Шинэ Дээд хуулийн төслийг боловсруулан 21 аймаг, есөн дүүргийн иргэдэд сурталчилсан бол өчигдөр нэр томъёоны тайлбарыг хийж дуусчээ. Энэ хугацаанд иргэдээс хуулийн төслийн зарим зүйл заалтад тайлбар хийж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна. Дээд хуулийн нэр томъёо, утга агуулга, зарчим, зүйл заалт бүрт тайлбар хийх ажил өчигдөр дуусчээ. Иймд энэ ажилд идэвх,санаачилгатай оролцсон эрдэмтэн судлаач, хуульчид, намын гишүүддээ батламж гардуулах ёслолыг зохион байгууллаа.
ТӨРИЙН ТОГТОЛЦОО ГАЖУУДСАНЫГ ӨНӨӨГИЙН АМЬДРАЛ БАТАЛЛАА
МАХН яагаад Шинэ Дээд хуулийн төслийг боловсруулсан бэ гэвэл өнөөгийн төр засгийн тогтолцоо, үйл ажиллагаа гажуудсан. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хууль нэг нийгмийн тогтолцооноос нөгөө рүү шилжих шилжилтийг баталгаажуулсан. Түүнээс хойш 26 жил болж байгаа. Тэр тогтолцоо өнөөдрийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадамжгүй болсныг улс төрийн намууд, хуульч, судлаачид хэлж буй юм. Тэгвэл МАХН тогтолцоог өөрчлөх санаачилгын үүднээс Дээд хуулийн төслийг боловсруулан ажиллажээ. МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хуулийн төслийн талаар хэлэхдээ “Бид Дээд хуулийн төслийг боловсруулж, эрдэмтэн мэргэдээр хэлэлцүүлж, ард түмэндээ танилцуулж, санаа бодлыг нь асууж, засч шинэчилсээр хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Бид Дээд хуулийн төслийг сурталчлан танилцуулахаар 35 мянган км замыг туулж, 21 аймаг, есөн дүүрэг, Монгол Улсын 139 сумаар орсон. Үүний цаана олон хүний идэвх, зүтгэл, хөдөлмөр бий” гэлээ.
Тэрээр Дээд хуулийн зүйл заалт юугаараа ялгаатай талаар “Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Үндсэн хуульд төр, засгийн бүрэн эрх, эрх мэдэл хэнээс эх сурвалжтайг дурдаагүй. Харин Шинэ Дээд хуульд үүнийг ард түмэн мөн гэж заасан байна. Төр, засгийн бүрэн эрхийг одоогийн хуульд ард түмэн дөрвөн секундэд энэ эрхээ эдэлж, дөрвөн жил ямар ч эрх мэдэлгүй болдог гэсэн байдлаар ойлгодог. Дөрвөн секундэд ард түмнээ айлган сүрдүүлэх, аргадан зальдах ажиллагааг улс төрийн намууд хийж гаршсан байна. Ингээд дөрвөн жил амаа үдүүлсэн мэт, айж чимээгүй болсон ард түмнээ элэг барин төр засгийн эрхэнд гарсан нөхдүүд дураараа дургиж, дунд чөмгөөрөө наргидаг болоод удаж байна. Үүний нэг жишээ нь УИХ-ын нэг гишүүн “дараагийн сонгууль болтол дөрвөн жилийн зай байна. Та нарт би тайлан тавихгүй. Би ер нь та нарыг гуйж сонгогдсон ч юм биш” гэх зэргээр ард түмэн, сонгогч олондоо бүдүүлэг хандаж байгаа хандлагаар өнөөдрийн Үндсэн хуулийн дөрөвхөн секундэд эрхээ эдэлж, дөрвөн жил дарлагддаг тогтолцоо болохгүй байгааг амьдрал өөрөө баталлаа. Өнөөгийн Үндсэн хуульд төр, засгийн хамгаалалтад хүн биш мал сүрэг байна гэж заасан байгаа. Бид монгол хүнээ төрийн хамгаалалтад оруулахаар хуульчилсан” хэмээв.
“ДЭЭД ХУУЛИЙН АГУУЛГЫГ ОЙЛГОХОД НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР ХЭРЭГТЭЙ”
Дээд хуулийн нэр томъёоны тайлбарын ач холбогдлыг Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж тайлбарлахдаа “МАХН Шинэ Дээд Үндсэн хуулийн төслөө боловсруулж, бүх ард түмэнд танилцуулсан. Үндсэн хууль нь хамгийн эрхэм дээд эрх зүйн баримт бичиг мөн. Монгол Улсын бүх хууль, журам энэ хуульд нийцэж гарах учиртай. Энэ хүрээнд Дээд хуулийн үг үсэг, утга агуулгыг монгол хүн бүр нэг бүрчлэн мэдэж байх ёстой юм. Бидний боловсруулсан Шинэ Дээд хуулийн төсөл 50-аад зүйл ангитай. Дотроо нэр томъёоны олон шинэ зүйл орсон. Үндсэн хуулийн утга, агуулгыг ард түмэндээ зөвөөр ойлгуулахын тулд МАХН Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийн тайлбарыг хийлээ. Энэ нь Дээд хуулийг зөв ойлгоход ач холбогдолтой. Хуулийн төслийг үргэлжлүүлэн сурталчлах ажил ирэх онд үргэлжилнэ” гэв.
Ч.Зотол
Эх сурвалж: Зууны мэдээ сонин