Шүүх хадгаламж эзэмшигчээс илүү муу зээлдэгчийг хамгаалдаг
Арилжааны банкинд автомашины зээлтэй Жоржийг ажлаас нь халлаа. Удалгүй түүний санхүүгийн үйлчилгээнд хязгаарлалт учирч эхэлжээ. Ийм баргар дүр зураг Жорж шиг Америкийн олон иргэнд тулгардаг. Хахир хатуу, хүний өмчид халдсан мэт санагдах шийдвэрийн цаана Биллийн хөрөнгийг хамгаалах хуулийн зорилго оршдог. Яагаад гэж үү. Учир нь банк Биллийн мөнгийг хадгаламж болгон аваад, Жоржид зээл болгоод өгчихсөн учраас тэр.
Арилжааны банкуудын та, бидэнд зээл болгон өгдөг мөнгө хэний хөрөнгө вэ. Хэд хэдэн иргэнээс ийн асуутал, “Мэдэхгүй, банкны эзний л мөнгө биз” хэмээн тоомжиргүй хариулав. Энэ мөнгө банкны эзний мөнгө үү. Зарим хүн халгиж, цалгисан их мөнгөний уурхай хэмээн боддог банк үнэндээ иргэдийн илүүдэл мөнгийг хадгаламж хэлбэрээр өөртөө татан төвлөрүүлээд, түүнийгээ зээл болгон гаргадаг санхүүгийн зуучлагч.
Тиймээс та, бидэнд зээл болгон олгодог мөнгө банкны мөнгө бус иргэдийн, бүр тодруулбал, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө юм. Тэр утгаар Жорж орлогын тогтмол эх үүсвэр болох ажлаасаа халагдаж, түүний зээлийн эргэн төлөлтөд эрсдэл учирч эхэлсэн зээлдэгч болон хадгаламж эзэмшигчийг хамгаалахын тулд АНУ-д санхүүгийн үйлчилгээ авах зарим эрхийг нь хязгаарлах зохицуулалт үйлчилдэг байна. Тэгвэл Жоржийг ч, Биллийг ч тэр ижил тэгш эрсдэлээс хамгаалдаг энэ зохицуулалт Монголд бий юу.
Одоогоос гурван жилийн өмнө, жавар тачигнасан идэр ес эхлэхийн өмнөхөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц ипотекийн зээлийн журамтай холбоотой шийдвэр гаргаж байв. Цэцийн дээд суудлын хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний хөрөнгөтэй байх эрхэнд банкууд халдсан гэж үзсэн учраас тус зээлийн журмыг өөрчилж байв. Өөрөөр хэлбэл, манай шүүх тогтолцоо зээл тавиад, хөрөнгө худалдаж авсан иргэний хөрөнгөтэй байх эрхийг ийн хангажээ. Гэвч тус зээлийн эх үүсвэрийг бүрдүүлсэн, хадгаламж хэмээх хөрөнгөтэй иргэний хадгалуулсан мөнгөө эргүүлж авах эрхийг манай шүүх мартчихав. Уг нь зээлээр авсан байр, банкинд хадгалуулсан мөнгөний аль аль нь иргэний эд хөрөнгө биш гэж үү.
Иргэдийн эд хөрөнгийг ийн ижил биш, тэгш бусаар зохицуулдаг учир манайд дэлхийд байхгүй гажиг тогтолцоо үйлчилсээр. Банкнаас авсан зээлээ төлөлгүй бараг гурав, дөрвөн жил гүрийдэг иргэн цөөнгүй. Гэтэл барууны орнуудад зээлээ хугацаанд нь төлөөгүй иргэний барьцаа хөрөнгийг нь зургаан сарын дотор хураан авч, борлуулан, зээлийг нь төлүүлдэг. Гэтэл манайд дэлхийд байхгүй урт хугацаа үйлчилдэг хэмээн мэргэжлийн хүн хэлж байсан юм.
Зээл аваад “алга” болчихсон иргэн зээлийн үндсэн хүүгийн төлбөрөө төлөхгүй. Гэтэл түүнд хадгаламж эзэмшигчийн мөнгөнөөс зээл олгочихсон банк өмнөөс нь хадгаламжийн хүүг тогтмол төлдөг нь үнэн. Хулхи, хариуцлагагүй иргэдийг ийн эвий минь, хөөрхий минь хэмээн толгойг нь илдэг байна. “Энэ бол бид өнөөг хүртэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн онолоосоо ухамсрын хувьд салаагүйн шинж. Энэ нь манай шүүх, түүний шийдвэр гүйцэтгэх системд тодоор илэрч байна” хэмээн Монголын банкны холбооны ерөнхийлөгч, “Голомт” банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг манай сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлж байсан юм.
• Монголбанкны судлаачдын 2013-2014 онд хийсэн судалгаагаар нийт зээлийн гурван хувь нь муу зээл рүү шилжихэд, үүний 10 хувийг шүүхийн зардалд зарцуулжээ.
• Монгол Улсын банкны системд 1.1 сая зээлийн данс эзэмшигч, гурван сая орчим хадгаламж эзэмшигч бий гэсэн тооцоо бий.
• Банкнаас авсан зээлээ төлөлгүй бараг гурав, дөрвөн жил болдог иргэн цөөнгүй.
Хамгийн халагламаар нь, ийн тэгш бус системийн золиос нь шударга, хариуцлагатай зээлдэгчид. Иргэн Б зээл аваад, алга болжээ. Өмнөөс нь арилжааны банкууд зээл олгосон мөнгө болох хадгаламжийн хүүг төлнө. Бас маргаан даамжирвал зээлээ төлөөгүй иргэн, банк хоёр шүүхийн хаалга татна. Энэ хэрээр банкны зардал өснө. Нэгэнт банк бизнесийн байгууллага учраас энэ мэт үйл ажиллагааны зардлаа зээлийн хүүд суутгадаг. Хэрэв банкны зардал өсвөл зээлийн хүү ч өснө гэсэн үг.
Монголбанкны судлаачдын 2013-2014 онд хийсэн судалгаагаар нийт зээлийн гурван хувь нь муу зээл рүү шилжихэд, үүний 10 хувийг шүүхийн зардалд зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, зээлийн чанар муудахын хэрээр банкны зардал өснө. Энэ нь зээлийн зардал буюу хүүг өсгөдөг байна. Цаашлаад зээлийн хүү өссөнөөр иргэдийн хэтэвчийг хөндөнө. Ингэснээр зээлээ цаг тухайд нь төлдөг мянга мянган шударга, хариуцлагатай иргэд зээлийн хүүгийн өсөлттэй нүүр тулж, зээл аваад зугтчихсан хүмүүсийн зардлыг нуруун дээрээ үүрдэг байна. Энэ нь банкны салбарт сөргөөр нөлөөлж, өдгөө бидний толгойны өвчин болсон зээлийн хүүг өсгөж буй нэг шалтгаан болон хувирчээ.
Манай хууль шүүхийн тогтолцоо муу зээлдэгчийг хадгаламж эзэмшигчээс илүү хамгаалж, өмгөөлж буй нь эргээд банкны системд сүүдэр дагуулж, гажиг үүсгээд байна.
“Арилжааны банкууд энэ онд активын чанарын үнэлгээ хийлгэж, эрсдэлийн сан ч байгууллаа. Гэлээ гээд банкны зээл олгох үйл явцын эрхзүйн орчин сайжирсан уу гэвэл үгүй. Монгол Улсад зээлдэгч, зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах эрхзүйн орчныг сайжруулах шаардлага тулгарч байна. Манай эрхзүйн системд хөрөнгө оруулагч, хадгаламж эзэмшигч, зээлдүүлэгчийг хамгаалсан зохицуулалт өнөө хэр алга байна” хэмээн Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ч.Үнэнбат өгүүлэв.
Үүнийг ч төв банк үгүйсгэсэнгүй. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг “Монгол Улсад зээлдэгч, зээлдүүлэгчийн эрх, үүргийн харилцаа алдагдсан нь үнэн. Тиймээс Монголбанк энэ чиглэлийн 20 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа” гэв.
Энэ хүрээнд эхний ээлжинд иргэний хуулийг өөрчилж, барьцаа хөрөнгийг шүүхийн бус журмаар борлуулдаг болгохоор судалж буй. Үүнийг Чанаргүй зээлийг бууруулах стратегийн хүрээнд хэрэгжүүлж буй бөгөөд уг бодлогын баримт бичгийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр батлуулжээ. Өдгөө холбогдох ажлын хэсэг хуулийн өөрчлөлтийн талаар яамдаас санал авч байгаа аж.
Сүүлийн 30 орчим жилд манай шүүх, түүний гүйцэтгэх систем муу зээлдэгч буюу зээлээ төлдөггүй иргэнийг хамгаалж, өмгөөлсөөр өдий хүрчээ. Тэднийг өөгшүүлэн, өрөвдөхийн хэрээр хариуцлагагүй зээлдэгчийн тоо нэмэгдэж, энэ нь банкны систем цаашлаад шударга иргэдэд дарамт дагуулсаар байна. Гэтэл хуулиар бамбай хийлгэсэн, том толгойтой зээлдэгчдэд бор зүрхээрээ амьдарч яваа, хууль журмаа биелүүлдэг иргэд өртэй гэж үү. Монгол Улсын банкны системд 1.1 сая зээлийн данс эзэмшигч, гурван сая орчим хадгаламж эзэмшигч бий гэсэн тооцоо бий. Банкны системийн багахан хэсгийг эзэлдэг атлаа энгийн иргэд, эд, эс бүрт нь дарамт учруулж, халаасыг нь цоолдог зээлдэгчдэд улаан гэрэл асаах цаг нэгэнт болжээ.