Эрх баригч намын бага хурал өнөөдөр болно. Хурлаар улс төрийн хүрээнд гацаанд ороод байгаа олон асуудлын зангилааг тайлах гэж оролдох болов уу гэсэн хүлээлт байна.
Нөгөө талаар намд үүссэн асуудал улам дүрэлзэж мэдэхээр байгаа. 100-гаад жилийн түүхтэй МАН дотооддоо үүссэн зөрчлөө дарж чадах уу. Эсвэл тэдний хуваагдал цаасан дээр албажих уу гэдэг нь анхаарал татсан асуудал хэвээр байгаа юм. Энэ асуултын хариулт өнөөдрөөс ерөнхийдөө тодорч эхэлнэ. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд нэлээд бухимдалтай байгаа. Шударга бус гишүүддээ хариуцлага тооцно гэдгээ хэлчихсэн.
Тэрээр Засгийн газрыг огцруулах асуудлыг чуулганаар хэлэлцэх үеэр “Шинэ оноос өмнө намын бага хурлаа хийнэ. Шударга бустай тэмцэнэ. Гишүүд дэмжигчдээсээ тусламж хүснэ. Тэгээд шударга ёсыг тогтоож чадахгүй бол ард түмэнтэйгээ нэгдэнэ” гэсэн сүржин мэдэгдлийг хийчихсэн.
Тэгвэл түүний шударга ёсны төлөөх тэмцэл өнөөдөр намынх хурлын гол сэдэв байна. Мөн намын бага хурал учраас хариуцлагын асуудлаа нам дотроосоо эхлэх болов уу гэж харж байгаа. Тухайлбал, ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар холбогдсон. Тэгэхээр шударга ёсны тэмцэл намын бага хурлын хүрээнд бол тэдэнд хариуцлага тооцохоос эхлэх учиртай. Түүний дараа УИХ, Засгийн газрын гишүүдийн хариуцлагын асуудал яригдах болов уу.