2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 65-уулаа парламентад орж ирэх үед “Одоо л Үндсэн хуулийг өөрчлөх замаар тогтолцооны гажуудлыг засах, том төслүүдээ хөдөлгөх, тогтвортой засаглах боломжит нөхцөл бүрдлээ” гэж байлаа.
Гэтэл юун тогтолцооны шинэчлэл, том төсөл. Харин ч эсрэгээрээ Монголын парламент хямарч үзээгүйгээрээ хямарч, гацаж байгаагүйгээрээ гацаж байна. Төрийн эрхийг дангаар атгаж буй нам байгуулсан Засгийн газраа унагаах хоёр ч удаагийн акцыг бүрэн эрхийнхээ хугацаанд өрнүүлж, албан тушаал, сандал суудлын төлөө зодолдов. Яг өнөөдөр УИХ-ын бүрэлдэхүүн дутуу, Засгийн газрын зарим яам сайдгүй, нийслэл хот нь Засаг даргагүй байгаа бол орон нутагт ч төрийн удирдлагын түвшинд гацаа тээг үүсээд эхэлжээ.
УИХ-ын бүтцийн байгууллагууд болох намын бүлэг, дэд хороо, байнгын хороо, чуулган хуралдаж чадахгүй тав дахь долоо хоногтойгоо золгож байна.
Шинэ долоо хоногийн эхний өдөр буюу өчигдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдах хуваарьтай ч МАН-ынхан мөн л цугласангүй. Гишүүд нь төрийн ордонд ч үзэгдсэнгүй.
Тэхий голоороо хуваагдчихаад байгаа МАН-ын бүлгийг эвлэрүүлэх “Ажлын хэсэг” гарч өнгөрсөн долоо хоногт гурван ч удаа уулзалт хийсэн авч амжилт олоогүй байна. Тус Ажлын хэсэгт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн талаас төлөөлж буй гурван хүний нэг болох Х.Нямбаатар энэ талаар “Уулзалтаар хоёр талаасаа нэг, нэг маш хатуу шаардлага тавьдаг. Нэг нь, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулна. Нөгөө тал нь огцруулахгүй гэсэн зүйл л ярьдаг. Тэгэхээр дундын хэлэлцээрт орно гэдэг их төвөгтэй юм билээ” гэв. Ийн хоёр талаас тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй гарсан Ажлын хэсэг хэлэлцээрийн ширээний ард суугаад ч амжилт олсонгүй. Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын даргын хувьд удирдах зөвлөлийг өчигдөр зарлаж, амын Бага хурлыг маргааш хуралдуулахаар товлосон гэж эх сурвалж өгүүлэв.
• Яг өнөөдөр УИХ-ын бүрэлдэхүүн дутуу, Засгийн газрын зарим яам сайдгүй, нийслэл хот нь Засаг даргагүй байна.
• Тэдний асуудал Төрийн ордноос хальж, Тусгаар тогтнолын ордон руу ийн шилжиж байгаа бололтой.
• Зөвхөн эрх мэдэл, албан тушаал, төрийн мөнгөний шинэ хуваарилалтын төлөө МАН Монголын улс төрийг зохиомол хямрал руу түлхэж байгаа
Бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх үүрэгтэй парламент, Засгийн газар нь асуудлыг шийдэх нь битгий хэл хөлөө жийлцэн нэгнээрээ сор залцгааж байгаа тэдний асуудал төрийн ордноос хальж, тусгаар тогтнолын ордон руу ийн шилжиж байгаа бололтой. Энэ бол төрийн дээр нам байгаагийн нотолгоо. Гэвч эрх баригчид 2016 оны сонгуулиар бүхэл бүтэн 65 мандатыг өөрсдөд нь олгосон сонгогчдын итгэлийг бодож байгаа ч юм алга.
Сонгогчдын итгэлийг хөсөрдүүлээд зогсохгүй засаглалын хямрал руу ч түлхэж байна. Парламентыг тараах Ерөнхийлөгчийн саналыг газар авах хөрсийг МАН-ын 64 өөрсдөө л бэлдсэн. Удахгүй 100 жилийн ойгоо тэмдэглэх МАН-ын 65 суудалтай хамт урьд өмнө байгаагүй хийрхэл, цэцэрхэл, суут хүмүүсийн хэлсэн алдарт афоризмууд парламентын танхимд орж ирсэн. Гэвч хийрхэл нь дэндээд хоёр дахь Засгийн газраа унагах операцыг өрнүүлж дуусгаад одоо спикерээ түлхэж унагахаар бүтэн сарын турш ноцлоо.
Хэрэв энэ 64 гишүүний хоорондын талцал, зодоон цаашид үргэлжилсээр байвал ард түмний дургүйцэл туйлдаа хүрч хүчтэй ганц удирдагчийн эрэлд гарахыг үгүйсгэхгүй. Иргэдийн энэ хүсэмжлэл ч буруу биш. Учир нь Монголын парламентын засаглалын “хойдохыг нь уншиж” байгаа хүмүүс нь энэ УИХ-ын үнэмлэхүй олонх МАН-ын 64 өөрсдөө. Зөвхөн эрх мэдэл, албан тушаал, төрийн мөнгөний шинэ хуваарилалтын төлөө тэд Монголын улс төрийг зохиомол хямрал руу түлхэж байгаа гэдгээ ухаарах сөхөө алга. Арай дэндлээ гэдэг үг ч тэдэнд гоёдож байна.