Л.Болд: Надад айх юм алга. Тойрог дээрээ очоод намаас бус бие даагчаар нэр дэвшчих гэвэл бэлэн байна
УИХын гишүүн Л.Болдтой ярилцлаа.
-Таныг УИХ-ын гишүүнээсээ татгалзахыг Ардчилсан намаас санал болгожээ. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Ардчилсан намын дарга хуулиа унших л ёстой юм. Ийм хариуцлагатай албыг хашиж, төрд олон жил зүтгэж байгаа хүн хууль бус зүйл ярьж болохгүй л дээ. Ер нь улс төрийн нам, мафи хоёр нэг л зүйлээр ялгаатай. Аль аль нь эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй холбогддог байх. Гэхдээ мафиас амьд гарч болдоггүй. Улс төрийн намаас бол гарч болдог. Бидний 1990 онд халсан коммунист, Гитлерийн байгуулж байсан фашист нийгэм дэх намууд мафийн тогтолцоотой. Тэр намуудыг бид халсан юм. Хүний эрх гэдэг хувь хүнд өөрт нь л байдаг. Ямар үзэл санаатай, эрхтэй байх, намд харьяалагдах, эс харьяалагдах нь Үндсэн хуулиар хувь хүнд олгогдсон эрх юм. Үүнийг төр, нам, компани, ямар нэгэн бүлэглэл мэдэхгүй. Тэгэхээр бүх зүйл хуулийнхаа дагуу зөв зарчмаар учир нь олдоод явах болно.
Үүнд эргэлзэх зүйл байхгүй. УИХ-ын гишүүнийг ард түмэн сонгодог. Би саяхан сонгогчидтойгоо уулзаж, тойрог дээрээ ажиллалаа. Сонгогчид, ахмадууд ирж уулзацгаасан. Бүгдээрээ энэ хууль бус мэдэгдлүүдийг сонссон байна. “Таныг бид сонгосон. Нэр дэвшигч, хувь хүнийх нь хувьд сонгосон. Бид нам сонгоогүй” гэдгийг хэлж байна. Өмнөх УИХ-д ч гэсэн МАН-аас Д.Арвин гишүүн гарч л байсан. Түүнийг АН-ын “Шонхор” фракц элсүүлэн авч, бүлэгтэй олонх болж байв. Энэ бүгдийг хуулийн хүрээнд зөвшөөрөөд л явж байсан. Тиймээс ингэж хоёр нүүр гаргах ямар ч шаардлага байхгүй. Гэхдээ надад айх юм алга. Тойрог дээрээ очоод намаас бус бие даагчаар нэр дэвшчих гэвэл бэлэн байна. Тийм сонгууль хийхээр болвол татгалзах зүйл алга. Харин хуулийн дагуу хийгээрэй гэж зөвлөх байна.
-Тэгэхээр намын гишүүнээс гарах асуудал тань цаашид хэрхэн шийдвэрлэгдэнэ гэсэн үг вэ?
-Би намын гишүүнээсээ гарна гэдгээ зарлачихсан. Тэр цаг мөчид би Ардчилсан намын гишүүн байхаа больсон. Одоо би энэ намын гишүүн биш. Би өргөдлөө намын даргад өгчихсөн. Энэ л хангалттай. Намайг хүчээр шахуу энэ намд бүртгэлийн журмаар байлгах асуудал ярьж, янз бүрийн шинэ зүйлүүд гаргаж ирээд байна. Нам мафи, шорон биш. Намаасаа гарах эсэх нь хүний эрхийн асуудал. Энэ толгойлогч унахаар бүх зүйл хуулийнхаа дагуу болчих нь л доо. Энэ Их хурлын дарга хуулиа зөрчихийг л бодох байх. Шинэ Их хурлын дарга хуулийнхаа дагуу шийдвэр гаргана байх гэдэгт эргэлзэхгүй байна.
-Та бүхэн “УИХ-ын даргыг ард иргэдтэйгээ хамт чирч гаргана” хэмээсэн. Энэ мэтээр иргэдийг турхирч цаашлаад буруу алхам хийхэд хүргэх вий гэх айдас олон нийтийн дунд байна...
-Энэ цаг үед бид хэн нэгний албан тушаал яриад байгаа юм шиг харагдаж байгаа байх. Яг үнэндээ энд нэг ёсны хувьсгал болж байгаа юм. 2018 он яг 1989 он шиг гэж хэлж болно. 1989 оны арванхоёрдугаар сард Монголын нийгэм их хувьсгал руугаа орох замаа нээсэн. Түүнээс хойш ардчиллын өөрийнх нь дутагдлыг ашиглаад Монголын нийгэм дахиад бүлэглэлийн мафижсан тогтолцоонд шилжчихсэн. Монголын бүх баялаг, эрх мэдлийг эрхшээлдээ оруулаад тоглоомын Их хурал, Засгийн газар байгуулсан.
Би 1990 онд радикалуудын л нэг байсан. Хурцын хурц хэлбэр лүү явъя гэдэг байв. Өлсгөлөн, хичээл хаялт, жагсаал цуглаан, арай л зэвсэг яриагүй байх. Тэр аймшигтай нийгмийн эсрэг бид гар хоосон ч амь насаа золиослоод тэмцэх залуу халуун насны гал дөл байсан. 1992 оноос хойш бид Үндсэн хуультай, олон намын тогтолцоотой, ардчилсан төртэй парламенттай болсон. Одоо бол парламент дотороо хувьсгал хийж болж байгаа юм. Яахав хамт хувьсгал хийж байгаа залуус маань мөн л адил хурцын хурц хэлбэр лүү хальтарч орчих гээд байна л даа. 1990 онд намайг Баабар, Э.Бат-Үүл аргадаж байсан шиг би эдгээр залуусаа аргадаж л байна. Тэр үед бие биенээ аргадсан нь зөв байсан юм билээ. Тухайн үед цуст аллагууд явагдаад эхэлсэн бол Монголын түүх орвонгоороо эргэх байлаа. Өнөөдөр ч ийм зүйл шаардлагагүй. Бид парламентын тогтолцоотой, парламентад олонх болчихлоо. Үл бүтэх тогтолцоог зогсоох, энэ хүмүүсийг зайлуулахыг хүсч байгаа гишүүдийн тоо 40 гараад явчихлаа. Ийм нөхцөлд бид ямар ч дарамт шахалт, гүтгэлэг ирсэн зорилгодоо, ялалтад тайван замаар хүрэх ёстой. Энэ эсэргүүцлийг дэмжиж байгаа ч гадаад, дотоодод явж байгаа шалтгаанаар гарын үсэг зурж амжаагүй байгаа гишүүд бий. Шударга бусын хонгилын цаг дуусч байна.
Саяхан Унгарт залуучууд нь парламентынхаа шударга бус даргыг чирээд гаргаж байна лээ л дээ. Японд санал хураалт зөрөлдснөөс болоод хурал даргалагчаа суудлаас нь түлхээд унагаж байсан. Иймэрхүү зүйлүүд олон оронд болдог. Парламентад байдаг л үзэгдэл. Гэхдээ Монголд бол өөр. Монголчууд бид үүн дээрээ хүрэхгүй гэдэгт бид итгэлтэй байна. 1990 онд цуст мөргөлдөөн болохын яг торгон ирмэг дээр Ж.Батмөнх дарга огцорсон. Ж.Батмөнх даргыг дагаад Улстөрийн товчоо огцорсноор Монголын нийгэм учир зүйгээ олсон. Бүх зүйл хуулийн хүрээнд болж, сонгууль хийгээд л тэр нөхцөл байдлыг даваад гарчихсан. Үүнтэй адил энэ тогтолцооны гол төлөөлөгч болсон М.Энхболд дарга албан тушаалаа өгчихөд тэрхүү шударга бусын бүлэглэл нурж унана. Үнэхээр сандралд орж байгаа нь харагдаж байна.
-УИХ-ын дарга огцорсноор энэ бүх асуудал шийдэгдэх үү?
-Хувьсгал тийм л байдаг. Орой дээр нь байгаа хүн, толгойлогч нь унаж байж хувьсгал ялдаг. 1990 он, Октябрийн хувьсгал мөн адил л ийм зүйл болсон. Гэхдээ өнөөдөр бид парламентын хүрээнд л хувьсгал хийж байна. Ард түмнээ жагсаасангүй, өлсгөсөнгүй, хөлдөөсөнгүй, амь насыг нь золиосолсонгүй. Цэрэг цагдаагаар дарамталсангүй. Долдугаар сарын 1-ний үйл явдал шиг мөргөлдөөн үүсгэсэнгүй. Парламентад 40 хүн гарын үсэг зураад л хувьсгалаа хийчихэж байгаа юм. Хүч хэрэглэсэн мөргөлдөөн болоогүй учраас хуулийн хийдэл, цоорхой хайж өдөр хоног аргацаагаад л яваад байгаа байх. Одоо ард түмэнд бүх зүйл ил тод болсон. Маш олон булхиа, хулгай ил боллоо. Энэ тогтолцоо унах л юм бол шударга хуульчид хийх ёстой ажлаа хийнэ. Тэдний толгой дээр гарсан улс төрийн захиалгатай нөхдүүд өөрсдөө шалгуулна. ЖДҮ-д прокурорын орлогч, ТЕГ, Аудитын дарга, Төрийн өмчийн хорооны дарга нь холбогдчихсон байж байна. ЖДҮ гэж хашгираад байгаа нөхдүүд ч хамааралтай гэж бодож байгаа. Тэд нар заль гаргаад ХОМ дээрээ бичээгүй, халхавч компаниар л авсан байх. Энэ бол 60 тэрбумын хэрэг болсны нотолгоо. Зарим нэг ухамсар муутай гишүүд нь өөрсдийнхөө компаниар авсан даа ЖДҮ-ийн тэмцлийн үзүүр дээр цоллуулж байна. Тэд нар хариуцлага хүлээнэ. Халхавч компаниар авсан нөхдүүд ч хариуцлага хүлээх ёстой. 60 тэрбумыг бодитой шалгаад ирэхээр энэ бүхэн ил болох нь ойлгомжтой.
ЖДҮ-ийг шалгах түр хороо гээд л пиар хийгээд байна. Байгуулагадаагүй байж хэлэлцүүлэг хийлээ. Байнгын хорооны хурлаар нэг хоногийн дотор орлоо. 60 тэрбумаа далдлах, наймаалцах хэрэгсэл болгохын тулд энэ асуудлаа их хурдан явуулж байгаа биз. Гэтэл бид С.Зоригийн асуудлаар түр хороо байгуулахаар жил гаруй хугацаанд явж байна. Байнгын хороогоор ч оруулахгүй л яваад байгаа. С.Зориг, 60 тэрбумын хэрэг чинь бүгд холбоотой болчихоод байна. С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгасан хуулийн төслийг гаргасан, хурлыг удирдсан хүн нь М.Энхболд дарга байдаг. Хүмүүсийг үгийг нь хэлүүлэхгүй хааж, аргалаад л тэр хуулийн төслийг хулгайн замаар гаргачихсан. Энэ бүхнийг бид түр хороон дээрээ яримаар байгаа юм. Эдгээр бүх зүйл дээр бул хар чулуу болчихоод суугаад байна л даа.
-Та бүхний тавьсан үндэслэлийг хуулийн хүрээнд биш гэж байгаа. Энэ тухайд?
-1990 онд бидний тавьсан бүх хүсэлт хуулийн хүрээнд биш байлаа. Гэсэн ч биднийг ард түмэн дэмжиж байсан. Үүнийг Ж.Батмөнх гуай мэдрээд ажлаа өгсөн. “Миний албан тушаал энэ улс орны хувь заяаг гацаагч нь байж болохгүй” гээд л нийгмийн шинэчлэл рүү явсан биз дээ. М.Энхболд даргын ухамсарын л асуудал. Мань хүн гүрийх тусмаа 60 тэрбум, ЖДҮ-ийг тойрсон бухимдал ил болоод л байна. Тэгэхээр аливаа зүйлд хязгаар бий. Ард түмнээ заавал бухимдуулж, хүчирхийллийн хэлбэр лүү турхирах нөхцөл рүү явахгүй байх. Зүгээр л нэг албан тушаал шүү дээ. Үнэхээр л буруугүй, мундаг юм бол улс төрийн зам нь нээлттэй. Хамгийн гол нь бид тийм эрх чөлөөг бий болгочихсон байхгүй юу.
Эцсийн эцэст М.Энхболд дарга албан тушаалтай зууралдаад байгаа юм биш л дээ. Энэ тогтолцоог хамгаалах барьцаанд орчихоод байгаа юм. Хувь хүний хувьд энэ албан тушаалаа өгчих сонирхолтой л байгаа байх. Нөгөөдүүл нь барьчихаад албан тушаалаа өгөх юм бол чамтай тооцоо бодно шүү гэж айлгаж байгаа. 60 тэрбумын хэрэг илэрнэ, тодорхой болно. Энэ нь тэдний хувьд аймшиг юм. Үүгээр шалгагдана гэхээсээ үнхэлцгээ хагартал айж байна л даа. Хамгийн том айдас нь энэ. 60 тэрбумын асуудлыг шалгуулахгүй байхын тулд энэ албан тушаалтайгаа үхэн хатан зууралдаж байна. Өнгөрсөн хугацаанд энэ хэргийг шалгуулахгүй байхын тулд бүх аргаа сүвэгчилсэн. Дунд нь ЖДҮ гэсэн асуудал гаргаж ирж хэдэн гишүүдээ барьцаанд авч байгаад аль аль талдаа наймаа, тохиролцоо хийх гээд энэ их хугацааг алдаж байна. Үүний цаана ард түмэн л хохирч байна. Мөн цөөнгүй гишүүдийг гүтгэж, дайрч доромжилж байгаа шүү. Монголын төр, парламентыг аймшигтай нөхцөл байдалд аваачиж байна.
-Таныг Монголын Ардчилсан нам буюу МОАН гэсэн нам байгуулж Н.Энхбаяр тэргүүтэй улс төрчидтэй эвсэн 2020 оны сонгуульд нэр дэвших гэж байна гэж яриад байгаа. Ер нь та цаашид улс төрийн карьераа хэрхэн үргэлжлүүлэх вэ?
-Монголын намуудын тогтолцоо ялзарч, хувьсгалынхаа үзэл санаанаас бүрэн гажиж, ардчиллын бүх үнэт зүйл алдагдсан. Иймд би Монголын ардчиллын төлөө нэгдлийг санаачлаад гурван жил болж байна. Ил тод ажлаа хийгээд л явна. Залууст ардчиллын үнэ цэнийг ойлгуулж байна. Өөр яаж тэмцэх билээ. Тусдаа нам байгуулах ямар ч бололцоо алга. Энд АН-ын болон өөр намынхан, нам бусчууд ч бий. Гэхдээ ихэвчлэн Ардчилсан намынхан байдаг. Тэд нарт намаа шинэчлэх, шинэ үзэл санаан дээр аваачих, ардчиллын үнэт зүйлийг чиг шугамаа болгосон нам болох сургалтуудыг хийж байгаа. Энэ залуусыг намаа шинэчилнэ гэж харж байна.
Монголын төрийг зөв замаар авч явахад заавал намтай байх албагүй. Одоо намчирхаж нийгмээ хуваан, нам нь хуйвалдааны талбар болж, Монголын төрийг барьцаалдаг, мафижсан тогтолцоо руу шилждэг энэ бололцоог бүрэн хаах хэрэгтэй. Ард түмнээсээ эрхээ л авч чадвал иргэн бүр бие даагч болж болно. Бид нам гэсэн ойлголтыг бүрэн задлах хэрэгтэй. Нийгэмд улс төрийн шинэ хувьсгал хэрэгтэй байна. Парламентын хувьсгалын эцсийн дүнд намуудын тогтолцоо бүрэн өөрчлөгдөнө. Одоо МАН-ын 64 цаашид ийм хэвээрээ явж чадахгүй. Тэд нэг нам биш байхгүй юу. Эд нар маш том үзэл бодлын зөрөөн дээр очоод салж байгаа юм. Ардчилсан нам ч гэсэн салж байна. Энэ бүхэн цаг нь болсны л шинж. 28 жил болоход ард түмэн, энэ намууд өөрсдөө ч тэсэхгүй тэсэрч байна. Энэ нь улстөрийн шинэ тогтолцоо руу явж байгаа юм. Би үүнд хувь нэмрээ оруулна. Ардчилсан нам, улс төрийн тогтолцоог шинэчлэх, нийгмийн хөдөлгөөнийг дэмжихийн төлөө явна. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй. Би 1990 онд л улс төрийн амьдралыг сонгосон. Ард түмэн надад итгэл хүлээлгэсэн цагт улс төрдөө л зүтгэнэ. Харин парламентад сонгогдож чадахгүй бол улсын байгууллагад ажиллаж, төрийн тогооноос халбагадах гээд тэмцээд байхгүй. Хувийн секторт очиж ажиллана. Баялаг бүтээнэ.