“Капитал” банкны төв байрыг битүүмжиллээ
Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Капитал” банкны төв байрыг Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2018.12.14/ битүүмжиллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн гэгдэх “Бишрэлт” группийн харьяа “Капитал” банкны төв байранд АТГ-ын Мөрдөн шалгах албаны бүрэлдэхүүн шалгалт оруулж битүүмжилсэн байна. Шалгалтын бүрэлдэхүүнд мөн Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн багтаж байгаа гэх мэдээлэл байна.
Дөнгөж сая авсан мэдээллээр, прокурорын зөвшөөрлөөр ийн санхүүгийн шалгалт оруулж байгаа бөгөөд өнөө шөнө холбогдох албан тушаалтнуудыг түр саатуулж болзошгүй байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, УИХ-ын гишүүн Б.Ундармааг ЖДҮХС-аас зээл авч, “Капитал” банкаар дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа гэнэ.
ЖДҮХС-д 2018 оны арваннэгдүгээр сарын 1-6-ны хооронд буюу долоо хоногийн дотор УИХ-ын гишүүн М.Ундармаагийн эзэмшлийн “Капитал” банк (Тус банкны дүрмийн сангийн 99,9 хувийг “Бишрэлт холдинг” компани, 0,1 хувийн “Таван эрдэнэ” ХХК эзэмшдэг) нийт найман удаагийн гүйлгээгээр 872 сая төгрөгийг зээл болон хүүгийн төлбөрт төлсөн байдаг. Мөн Б.Ундармаагийн 100 хувь эзэмшдэг гэх “Доктор МЭИК” компани 2017 онд ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан тухай бид мэдээлж байсан. Гэтэл үүнээс өмнө 2015 онд мөн “Капитал” банк гурван удаагийн гүйлгээгээр хоёр тэрбум 336 сая төгрөгийн зээл авсан байдаг аж.