УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Амарзаяа, О.Содбилэг, А.Ундраа. Н.Номтойбаяр нар өнөөдөр ахмад гишүүд буюу Шадар сайд Ө.Энхтүвшин, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Ч.Улаан нарт шаардлага хүргүүллээ.
УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаан сүүлийн гурван долоо хоног ирц хүрээгүйн улмаас хуралдаагүй. Монголын хууль тогтоох дээд байгууллагад олон жил ажилласан ахмад гишүүд хуралдаа суухгүй, ирц бүрдүүлэхгүй байгаад харамсаж байна хэмээн Ё.Баатарбилэг гишүүн хэллээ.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал доройтож, валютын ханш, шатахууны үнэ улам бүр нэмэгдэж, иргэдийн амжиргаанд хүндээр тусч байгааг уг шаардлагын эхэнд дурьдсан байна. Мөн хүйтний улирал эхэлж, агаарын бохирдол, зудын хүндрэлийг даван туулах зэрэг шийдлээ хүлээсэн олон ажилд шил даран хүлээж байгаа энэ үед УИХ-д 5-7 удаа сонгогдож байсан гишүүд чуулгандаа суухгүй байгааг шүүмжилсэн байна. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд олон нийтийн анхаарлын төвд байсан “Чингис бонд”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, АСЕМ зохион байгуулах төсвөөс мөнгө идсэн зэрэг олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө манлайлал гарган ажиллах боломж ахмад гишүүдэд байсныг онцлоод чуулганы ирцийг бүрдүүлэхийн төлөө манлайлан ажиллахыг шаардсан байна. Ахмад гишүүд чуулгандаа сууж, ирцээ бүрдүүлээгүй тохиолдолд УИХ-ын тойргийнх нь сонгогчидтой хамтран, гишүүнээс эгүүлэн татах асуудлыг хөндөх болно гэжээ.