М.Энхболд байнгын хорооны дүгнэлт гартал чуулганыг удирдахгүй гэв
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.12.14/ нэгдсэн хуралдааны ирц бүрдэхгүй гишүүдийг хүлээж байна. Чуулганы танхимд ирвэл зохих 75 гишүүнээс 21 гишүүн ирээд байгаа юм.
Ийнхүү чуулганы ирц бүрдэхгүй байгаатай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд үг хэлэв. Тэрбээр үгэндээ УИХ-ын нэр бүхий 38 гишүүн өөрийг нь огцруулахаар бичиг өргөн барьсан тухай дуулгаад "Би хууль ёсоор УИХ-ын даргад сонгогдсон. Миний зүгээс энэ ажил албан тушаалыг өгөхгүй гээд зууралдаад байх зүйл байхгүй. Гэхдээ би бүх зүйл хуулийн дагуу явах ёстой гэж үзэж байна. Тийм учраас нэр бүхий гишүүдийн тавьсан шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооноос тодорхой чиглэл гаргах байх. Миний хувьд хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй. Гэхдээ би өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг үнэлж дүгнэж Төрийн байгуулалтын байнгын хорооноос дүгнэлт гартал чуулганы нэгдсэн хуралдааныг удирдахгүй байх шийдвэр гаргаж байна" гэлээ.
Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалахаар болж, гишүүдийг хуралдаандаа оролцохыг урьж байсан юм.