“60 тэрбумын бичлэг үнэн гэдгийг хүлээн зөвшөөрснөөр АН-ын шүүмжлэл бодитойг нотоллоо”
АН-ын IX Их хурлын төлөөлөгчид УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлсэн байна.
УГ ШААРДЛАГАД:
МАН төрийн эрх мэдлийг авсанаас хойшхи хугацаанд төсвийн алдагдал 2017 онд 2.4, 2018 онд 2,7, 2019 онд 1.9 их наяд нийт 7 их наяд төгрөгт хүрлээ.
Аж үйлдвэр, зам тээвэр, хот байгуулалт, сум хөгжүүлэх зэрэг их бүтээн байгуулалтын төслүүдэд зарцуулагдаж үр шим нь Монголын ард түмэнд ил тод хүрсэн “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын зээлийг илүү өндөр хүүтэй “Гэрэгэ” бондоор, Евро бондын 600 сая ам.долларын зээлийг илүү өндөр хүүтэй “Хуралдай” бондоор сольж хугацаа алдсанаар хүүгийн зөрүүнд төсвөө чирч Монгол Улсын өрийг 27.5 тэрбум ам.долларт хүргэж, татвараа нэмж иргэдээ хоосолж байна.
МАН-ын дотоод хагарал, бүлэглэл хоорондын тэмцэл намынхаа савнаас хальж, Монгол төрийн үйл ажиллагааг ноцтой хямралд хүргэж, ард түмний амьдралыг туйлд нь хүртэл доройтууллаа. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы хариуцлагатай индрээс 60 тэрбумын бичлэг үнэн гэдгийг хүлээн зөвшөөрснөөр Ардчилсан намаас удаа дараа тавьж байсан шүүмжлэл бодитой гэдгийг нотоллоо. Энэ бүхнийг үндэс болгон, Ардчилсан намын IX их хурлын төлөөлөгчид бид дээрх хэрэгт холбогдож, төрийн хууль, ёс зүй, шударга ёсыг ноцтой зөрчсөн УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, орон нутгийн бүх шатны удирдлагуудыг яаралтай эгүүлэн татаж, хариуцлага тооцохыг эрх чөлөөний түүчээ, Ардчилсан намын мянга, мянган гишүүд, дэмжигчид, ард түмнийхээ нэрийн өмнөөс хатуу шаардаж байна. Хэрэв энэхүү шаардлагыг үл тоох аваас бид улс төрийн тэмцлийн дараагийн үе шатанд шилжих болно гэдгээ мэдэгдэж байна” гэжээ.