УИХ-ын чуулганы пүрэв, баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар нийт 30 асуудал хэлэлцэнэ.
Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Засгийн газраас нэн яаралтай дэгээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, ХХААХҮ-ийн сайдыг томилох, ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, БСШУС-ын сайдыг огцруулах тухай Ерөнхий сайдын санал багтжээ.
Мөн чуулганаар Нотариатын тухай, Эрүүл мэндийн тухай, Шуудангийн тухай, Хэмжил зүйн тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн ирэх оны 01 дүгээр сараас хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хуультай холбоотой УИХ-ын дөрвөн тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ. Энэ долоо хоногийн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, хаалттай горимоор мэдээлэл хийнэ.
Мөн “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын талаар Д.Эрдэнэбат гишүүнээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхийлөгчийн мэдээлэл, Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг баасан гарагт хэлэлцэнэ.