Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын санхүүд 4 тэрбум гаруй төгрөгийн зөрчил илэрчээ
Үндэсний аудитын ерөнхий газраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийсэн дүнг танилцууллаа. Тус салбарын сайдын эрхлэх асуудлын хүрээний 94 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэн бөгөөд аудитын дүгнэлт өгсөн 72, итгэл үзүүлсэн 13, түүвэрт 9 байгууллага хамрагдсан байна. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайлангийн аудитаар нийт 4 тэрбум 614.2 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрснээс 3 тэрбум 484.5 сая төгрөгийн 105 алдааг аудитын явцад залруулж, 17.7 сая төгрөгийн зөрчилд 14 төлбөрийн акт тогтоон, 227.7 сая төгрөгийн зөрчлийг арилгах 21 албан шаардлага өгч, цаашид анхаарч ажиллах талаар 71 зөвлөмж өгчээ. .
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний төсвийн найман байгууллага, тусгай сан нэг, төрийн өмчит хоёр аж ахуйн нэгж болон төвлөрүүлэн захирагч, нийт 12 байгууллагад тогтоосон 1.8 сая төгрөгийн 2 төлбөрийн акт, 240.3 сая төгрөгийн 10 албан шаардлага, 35 зөвлөмжийн биeлэлтийг үнэлж холбогдох баримтыг шалгасан юм байна.
Зөвлөмжийн биелэлтийг нэгтгэлээр 90.3 хувийн хэрэгжилттэйгээр үнэлж, БОАЖС-ын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад хүргүүлсэн 240.3 сая төгрөгийн 10 албан шаардлага хүргүүлснээс 205.3 сая төгрөгийн гүйцэтгэл хангагдаж, биелэлт 85.4 хувьтай гарчээ.