Н.Номтойбаярыг МАН-ын гишүүнчлэлээс хасах нь тодорхой болжээ
МАН-ын Хяналтын Ерөнхий Хороо 11 сарын 29-нд хуралдан, М.Энхболд, Д.Хаянхярваа, Ц.Цогзолмаа, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол нарыг МАН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргасан ч түүнийгээ хэрэгжүүлээгүй юм. Тодруулбал уг шийдвэрийг гаргасан нь үнэн хэдий ч албажуулаагүй гэдгийг МАН-ын Хяналтын хорооны гишүүн Х.Болдмандал баталсан билээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл дээрх улс төрчдийг МАН-аас хөөх асуудал намжсан байна.
Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг МАН-ын гишүүнчлэлээс хасах нь тодорхой болжээ.
11 сарын 30-нд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар маргалдсан юм.
Тодруулбал УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: "Надаас хууль бус зүйл битгий шаардаарай гэж та Ерөнхий сайд болохдоо хэлж байсан. Ерөнхий сайдын хувьд та ЖДҮ-чин сайд нараасаа салаач ээ. Хуулийн хэрэгжилтийг та яагаад хангахгүй байна вэ. 30 гэр бүл гэж яг хэн юм бэ? Яг одоо би нэрсийг нь сонсмоор байна. Би үүнд орж байгаа юу." гэхэд нь
Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх: "Тэр 30 гэр бүлийн гишүүн нь та өөрөө мөн. Яагаад гэдгийг нь ард түмнээс асуу. “МАК” компани 36 лиценз эзэмшдэг юм байна лээ. Энэ “Цагаан суварга” бол танай гэр бүлийн өмч биш, Монголын ард түмний хөрөнгө. Ганцхан айл 36 лиценз эзэмшихгүй ээ. Төрийн эрх ард түмний гарт байгаа. ЖДҮХС-тай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд битгий манай сайд нараас хууль бус зүйл шаардаарай. Авсан Цагаансуваргын лицензээ ард түмэндээ буцаагаад өгчих. Ард түмний өмч хөрөнгийг буцааж өгөөрэй." гэж хариулсан билээ.
Уг шийдвэрийг ирэх оны сар шинийн баяраас өмнө гаргах ажээ.