Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга М.Энхболд өөрийг нь огцрохыг шаардаж буй гишүүдэд хандан “Төр тогтвортой байх ёстой. Би үүний төлөө явна. Сүүлийн үед үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн оролдлогыг эрээ цээргүй хийж байна. Үүнтэй хатуу тэмцэх ёстой. Олон түмнийг тэмцэлд уриалж, тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэж нийтийг цочирдуулах үйл ажиллагаа хийхээр УИХ-ын гишүүд ярьж байна. Энэ бол үндсэн хууль зөрчсөн үйлдэл.
Намайг огцруулъя гэж байгаа бол албан ёсоор шаардлагаа тавь. Мөн 60 тэрбумын гэх хэргээр ЖДҮХС-гийн хэргийг дарах оролдлого, сурталчилгаа хийх боллоо. Үүнийг зогсоох ёстой. Төрийн байгуулалтын байнгын хороо 60 тэрбумын гэх хэргээр хэлэлцүүлэг хий. Ёс зүйн дэд хороо ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүдийнхээ асуудлаар хурлаа хий. Үүнийг би УИХ-ын даргын хувьд үүрэг болгож байна.” Гэж спикерийн индрээс хэлэв. Мөн тэрбээр дээрх гишүүд болон Засгийн газрын гишүүн сайд нар бойкот хийснээс УИХ-ын чуулган хуралдах боломжгүй болсон хэмээн чуулганыг нээсэнгүй.
Харин үүний дараа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан парламентын зүгээс Засгийн газарт хандсан “шаардлага хүргүүлэх тухай” албан бичгийг танилцуулсан юм. Тус шаардлагад улс орон эдийн засаг, цаг уурын хүндрэлтэй нөхцөлд байгааг дурдаад Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг санаатайгаар УИХ-ын үйл ажиллагааг саатуулж байна хэмээн шүүмжилжээ.
Мөн “Засгийн газрын гишүүдийг төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг хууль бусаар тасалдуулах үйл ажиллагаагаа зогсоож, Байнгын, дэд, түр хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохыг шаардаж байна. Засгийн газрын гишүүд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн асуудлаас үүдэн гарах аливаа хариуцлагыг Засгийн газар болон УИХ-ын гишүүний албан тушаалыг давхар хашиж байгаа сайд нар хүлээх болно гэдгийг хатуу анхааруулж байна” гэсэн байв.