Ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах арга хэмжээ авч байна
Өнөөдөр Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 2632.90 төгрөгтэй тэнцэж байна. Ханш өчигдрийн 2634.19 төгрөгөөс буурсан үзүүлэлттэй байна. Төв банкнаас ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах арга хэмжээ авч буйгаа мэдэгдлээ.
Олон улсын санхүүгийн зах зээл дэх ам.долларын өгөөж нэмэгдсэн, дотоодын эдийн засагт үүсээд буй түр зуурын шинжтэй хүчин зүйлсээс шалтгаалан сүүлийн үед төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах хандлага ажиглагдах болсон.
Төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор Монголбанк 2018 оны 2 дугаар хагаст нийт 1 тэрбум ам.долларыг нийлүүлсэн бөгөөд арваннэгдүгээр сар гарснаас хойш нийт 370 сая ам.долларыг захад нийлүүлээд байна. Улмаар энэ оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрөөс хойш тасралтгүй сулраад байсан төгрөгийн ханш арванхоёрдугаар сарын 5-ны өдөр 5.02 төгрөгөөр чангарсан байна.
Түүнчлэн хэрэглээний зээлийг хязгаарлах зорилгоор хэрэглээний зээлийн хугацааг 30 хүртэл сар болгох, хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг 70 хувиар тогтоох, валютын зээлийн эрсдэлийн жинг нэмэгдүүлснээр банкуудын гадаад валютаар зээл олгох сонирхлыг бууруулах, бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлэн, 11 хувьд хүргэснээр төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч буйг Монголбанкнаас мэдээлж байна.