Гал унтарсан, гэхдээ түймэр унтраагүй
ӨНДӨГ АНХДАГЧ УУ? ТАХИА АНХДАГЧ УУ?
Тогтолцооны алдаа юу, эсвэл хүндээ байна уу? гэсэн асуудлыг тавьж, хариултыг эрцгээж, талцан маргалдацгааж байгаа. Эхлээд "өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу" гэсэн асуултанд хариулт авах ёстой юм шиг байна. Сошиал орчинд энэ асуултыг тавьж үзсэн, "хоёулаа анхдагч" гэсэн сайхан хариултыг сонслоо. Oюутан байх үеийн юм санаанд орж инээд хүрэв. Өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу, гэдэг дээр та юу гэж боддог вэ? гэж би багшаасаа асуусан юм л даа. Чи өөрөө юу гэж бодож байна гээд асуултыг асуултаар хариулахаар нь хоёулаа л анхдагч байх, яагаад гэвэл эсрэг логикоор аль нэгийг нь анхдагч биш гээд хэлчихвэл матери анхдагч биш болчих гээд байгаа юм гэж хариулснаар хэгжүүн оюутны тоонд орж билээ. Гээндээ ч байна, гоондоо ч байна гэдэг шиг тогтолцоондоо ч байна, хүндээ ч байна гэх үндэслэлтэй.
Эндээс тогтолцоог өөрчлөхийн тулд эхлээд хүнээ өөрчлөх ёстой гэсэн логик аяндаа гарна. Энийг нотлохын тулд тогтолцоо гэж чухам юуг хэлээд буйгаа эрхбиш ойлгох ёстой байх. ТОГТОЛЦОО гэдэг нь сонгуулийн сурталчилгаанд яваад байсан унь, хана, тооно, түүнийг шидэмсээр аргамжих тухай биш юм. ГЭР-ТӨР ч гэнэ үү, юү гэсэн үг юм? Барилга байшин, түүнийг гоё харагдуулах архитектур ч биш, "төрийг муухай харагдууллаа" гэж юу ярина вэ? Tөрийн тогтолцоо буюу харилцаа гэдэг нь юуны өмнө, саарал ордонд суугаа хүмүүс, хэсэг бүлгүүдийн хоорондын харилцаа (эвлэрэл, задрал),системийн обьект ба субьектийн хоорондын шүтэлцээ юм. Энэ дашрамд дурдахад өнөөдрийг хүртэл нам төвтэй биш түүнээс ч дор, хүн төвтэй, төр орчинтой, нам тархитай дугуй тогтолцоо ноёрхож ирсэн юм. Байгалийн шинжлэх ухааны молекулын онолоор аваад үз л дээ, хэн нь хэнийгээ бөмбөгдөөд байна, тов тодорхой ойлгогдоно.
Ард түмэн атом болчихоод төр гэх электронууд намуудын удирдлагаар хүнээ зогсоо зайгүй бөмбөгдөж туйлдуулж байгаа биз дээ! Асуудлын төвд хүн байна, утааг арилгахын тулд соён гэгээрүүлнэ ч гэх шиг, ард түмэн асуудал үүсгээд байгаа юмуу? хүн төвтэй энэ өвчтэй тогтолцоог өөрчлөх ёстой, хүнийг төвөөс гаргаж субьект орчин болгоод оронд нь хуримтлагдаад байгаа асуудлаа анхаарлын төвд оруулаад бөмбөгдөж байх ёстой юм. Төр нь хүнээ биш ард түмэн төрөө бөмбөгдөж байх учиртай юм, энийг ойлгохгүй байгаа бол ардчилал гэж элийрцгээх хэрэггүй. хүн бол обьект биш, субьект! гэхдээ ХҮН-АТОМ дэлбэрч, дарамтын гадна өөрсдөө гарч эхлээд байх шив дээ! Намыг бол төрийн тогтолцооны тойргоос бүр гаргачих хэрэгтэй, энэ замаар явсан орнууд маш хурдтайгаар хөгжиж байна.
Гэхдээ нам хэрэггүй биш, маш хэрэгтэй, юунд хэрэгтэй гэдэг тухайд жич өгүүлэх болно. Шинэ тогтолцоо бол шинэ цагийн дуудлага, шинэ үеийн дууг хуучин өтгөс дуулж чадахгүй. Энд би хүн ам зүйн биш сэтгэлгээний хуучрал, хоцрогдлын тухай ярьж байна, насаар ялгаварлаагүй. Хуучныг үгүйсгэхгүйгээр шинийг бүтээх боломжгүй гэдгийг гегель хэлчихсэн юм. Хувьсал угаас ийм хуулиар явдаг. Энэ утгаар бол үндсэн хуулинд өөрчлөлт хийх санаатай байгаа хүнтэй нь цуг өөрчлөхөөс өөр гарц байхгүй. Манай үндсэн хууль бол муугүй хууль, гэхдээ алдаатай хууль. Үүнийг мэдэрсэн Б.Чимид гуай хожим нь харамсан хэлсэн байдаг санагдана, хуульчид санаж л байгаа. Үндсэн хуулийн гол, гол алдаанууд цаг хугацааны шалгалтыг даасангүй. Надад үндсэн хууль тайлбарлах эрх олгогдоогүй, гэхдээ хуулийн зүйл анги биш, нийгэм зүйн агуулга талаас нь хэдэн зүйлийг хэлье. Анзаарахгүй өнгөрч болохгүй хэдэн том алдаа байх шиг санагддаг..
Одоо мөрдөгдөж байгаа үндсэн хууль нь нэг талаас эрх зүйн орчин үүсгэх, нөгөө талаас цаазлан хориглох нөхцөл гэсэн хоёр тал харилцан баримжаатай байх концепци зарчмыг алдагдуулж, чөлөөт байдлыг дэвэргэн дураар дургих нөхцлийн суурийг тавиад өгчихсөн юм.
Үндсэн хууль батлагдсан өдрөөс эхлэн хууль зөрчөөгүй бол юу ч хийж болно гэсэн хандлага үүсч, эрх чөлөө хумигдан, чөлөөт байдал давамгайлж эхэлсэн. Яваандаа даамжирч, өөрийн эрх нь бусдын эрхээр хайрцаглагдах ёстой гэсэн хүний эрхийн түгээмэл тунхаг зөрчигдөж, өөрсөддөө зориулж хууль үйлдвэрлэдэг увайгүй байдалд шилжсэн. Энэ бол тэвчиж болохгүйн дээд хязгаар юм. Өөрсдийн бодлоор, ашиг сонирхлоор гаргасан хуулиа дээдлэж, "хуулийн хүрээнд" гэсэн тарни шиг юмыг амтай болгон хэлдэг болсон. Энийг орчин цагийн хэлээр "улс төрийн альгоритм" гэдэг юм. Хууль гэсэн шүхрийн дор том, том хэргүүд гарч хуулиар хамгаалагдан, хариуцлага гэдэг юм алга болсон. Энийг шинэ үндсэн хуулиас өөр аргаар залруулах боломж байхгүй..
Социализмын үед ард түмний баялагийг хамгаалах хяналтын ган төмөр тор шиг хатуу систем үйлчилж байсан. Үндсэн хуулиар тэрийг үгүйсгэсэн мөртөө оронд нь ажиллах хяналтын системын тогтолцоог босгох хууль зүйн орчинг бүрдүүлж чадаагүй.
Намын болон ардын хянан шалгах байгууллага гэх айхтар систем байлаа. Тэрийг байгууламжтай нь цуг нураасан. Оронд нь хөрөнгөтөн орнуудын жишгээр тэрнээс ч хатуу мониторинг системийг босгох боломж байсан ч зориуд хийгээгүй. Тийм тогтолцоо, шинээр төрж байсан нударган баячуудад (одоо бол олигархиуд) ашиггүй байсан. Яг өнөөдрийн өндөрлөгөөс харан дүгнэлт хийхэд хяналтын хатуу чанга систем дутагдаж байгаа нь илт боллоо, энийг гагцхүү реформоор л хийнэ.
Үндсэн хуулийн нөхцлөөр, төрийн гурван өндөрлөг гэх субьектүүдийн хоорондын харилцаа, эрх үүргийг тогтоохдоо харилцан биесээ хянах тэнцвэржүүлсэн зарчим барьсан нь том алдаа байжээ. Удирдлагын нэгдмэл байх зарчим алдагдаж, төр бүхэлдээ эзэнгүйдэж, эсвэл зориудаар эзгүйрүүлж, төрийг эрх мэдэл булаалдах талбар болгон хувиргасан.
Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр л байдаг гэдэг үгийг хэн гаргасан бэ? Мэдээж улстөрчид өөрсдөө. Монгол Улсын үндсэн хуулийн Цэц нь үндсэн хуулийн шүүх мөн үү, мэдээж биш! Процесс явуулдаггүй, өөрсдөө санаачлаад хэн нэгэн албан тушаалтныг татан шүүх эрхгүй тийм шүүх байдаггүй юм. Тэгэхээр тэтгэвэрийн хэдэн хүнийг сул цалинжуулж, хулгай, булхайгаа хаацайлуулах гар доорхи улс төрийн байгууллага болгосон нь ойлгомжтой. Зүй нь татан буулгаад үндсэн хуулиа хамгаалах трибунал хэлбэрийн шүүх байгуулах ёстой юм. Ер нь бол төрийн гурван өндөрлөгийн нэг нь шүүх тогтолцоо байх ёстой. Төрд ард түмний өөрийн хяналтын дээд танхим орж ирэх ёстой, ингэхгүйгээр, ийм тогтолцоонд орохгүйгээр шударга ёсыг тогтооно гэсэн бүх яриа хоосон хий үзэгдэл болон үлдэх болно. Төрийн гурван өндөрлөг биесээ хянах биш, аль нэг нь давуу эрхтэйгээр удирдах ёстой. Парламент нь давамгайлах уу, эсвэл Ерөнхийлөгч нь давуу эрхтэй, үүрэгтэй байх уу, гэдгийг ард түмний санал асуулгаар референдум хийж тогтоох ёстой. Аль нь ч байлаа гэсэн үндсэн хуулийн шүүхийг жинхэнэ утгаар нь байгуулах ёстой. Мэдээж тогтолцоог сууриар нь өөрчлөх нь гарцаагүй гэдэг дээр нийгмийн сэтгэлгээ төвлөрчихөж байгаа бололтой. Тогтолцоо ямар байхыг судлаачид, эрдэмтэн мэргэд хэлсээр байгаа. харин тогтолцоог өөрчлөхдөө анзаарахгүй орхиж хэрхэвч болохгүй хэдэн зарчим байна, тэрийг хэлье!
ХҮРСЭН ТҮВШИНГЭЭС УХАРЧ БОЛОХГҮЙ
Бүгд найрамдах улсын үндсэн индэр гэгддэг парламентын засаглалыг 4 жилээр байгуулж сурлаа, олон улсын парламентаас муугүй үнэлгээтэй яваа. Энэ бол хүрсэн түвшин. ард түмэн ардчилал гэж юү вэ, ардчилалын нэрд дулдуйдсан "ардчилалгүй цөөнхийн дарангуйлал" гэдгийн ялгааг мэддэг боллоо. Энэ бол хүрсэн түвшин. Хүрсэн түвшингээс ухарч болохгүйн гол утга нь парламeнтаас ухарч болохгүй, харин ч хоёр танхимтай сонгодог хэлбэрт шилжүүлэн төгөлдөржүүлж, аль нэг хөгжилтэй орны парламентын ажиллагааг жишиг болгон сонгож, парламентыг хямрал доголдол гарахааргүй болгон төлөвшүүлэх явдал юм. Энэ бол төрийн тогтолцооны чанарын өөрчлөлт, хувьсгал. Дашрамд дурдахад, сонгодог парламент гэж байхгүй, харин парламентын сонгодог хэлбэр гэж л байгаа, ойлголтын ийм зөрүүнээс бид гарах ёстой юм.
• Төр нь хүнээ биш ард түмэн төрөө бөмбөгдөж байх учиртай юм, энийг ойлгохгүй байгаа бол ардчилал гэж элийрцгээх хэрэггүй.
• Яг өнөөдрийн өндөрлөгөөс харан дүгнэлт хийхэд хяналтын хатуу чанга систем дутагдаж байгаа нь илт боллоо, энийг гагцхүү реформоор л хийнэ.
• Дашрамд дурдахад, сонгодог парламент гэж байхгүй, харин парламентын сонгодог хэлбэр гэж л байгаа, ойлголтын ийм зөрүүнээс бид гарах ёстой юм.
ХУУЧИН РУУ ХАЛЬТРААД ОРЧИХОЖ БОЛОХГҮЙ
Монгол Улс хуучин тотилат системийг халсан гэж ярьдаг, "ардчилсан хувьсгал" хийсэн гэж зарим нь сайрхдаг. Ямар үр дүн гарсан юм бэ? ард түмэн ийм ардчиллыг хүссэн юмуу? Нэг намын дарангуйлал 2 намын ээлжилсэн жанжлалаар солигдлоо. Ардчилал гэдгийн язгуур утга хэрэгжиж чадсангүй, хуучин соц. Нийгмээс ч дор, тэр гэхийн тэмдэггүй мөлжлөгийн олигархи засаглсал руу хальтраад орчихсон байна, энийг хүсэвч эс хүсэвч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдал үүссэн. Учраа олохгүй будилцгааж байх хооронд Ерөнхийлөгчийн Засаглал руу орох нь зөв гэсэн хаанаас үүдэлтэй нь ойлгомжгүй, супер-призедентизмын суртал ухуулга нийгэмд тархлаа. Энэ бол импортлогдсон үзэл санаа гэж ойлгож байна, гаднын аль нэг улсад ашигтай байгаа гэж бодно. Ерөнхийлөгчийн Засаглалтай орнууд голдуу түрэмгийлэх бодлого барьдагийг саначих хэрэгтэй л юм.
АРД ТҮМНИЙ БОДЛЫГ ТООЦОХГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ
Ямар тогтолцоотой байхыг ард түмэн сонгох ёстой, энд онол, нийгэм зүйн ямарч мэдлэг хэрэггүй. Мэдээж гол гол ойлголтуудыг ард түмэнд урьдчилж өгөх нь зөв, гэхдээ эцсийн шийдвэрийг ард түмэн нийгмийн сэтгэлгээний түвшиндээ тааруулаад мэдрэмжээрээ гаргах ёстой юм. Тусгаар улсын статусаа үеийн үед хадгалсаар ирсэн ард түмэн, төрийхөө тогтолцоон дээр алдахгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ард түмнээсээ зоригтой асуух нь дээр. Ерөнхийлөгчийн үүрэг эрх давамгайлсан Ерөнхийлөгч-парламентын Засаглалтай байх уу, эсвэл парламентын эрх давамгайлсан Парламент-ерөнхийлөгчийн засаглалыг сонгох уу гэдгээ ард түмний санал асуулгаар шийднэ гэсэн үг. гуравдагч зам гэж байхгүй.
НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ТҮВШИНГ ХАРГАЛЗАХГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ
Нийгмийн сэтгэлгээний хөгжил ямар төвшинд байгаа билээ, тэрийгээ баримжаалан тогтоогоод, түүндээ тохирсон тогтолцоог баталгаажуулаад цааш явах ёстой байх. Энэ түвшинг 130 орчим үзүүлэлтээр тооцож гаргадаг гэсэн үзэл баримтлал байдаг гэж дуулсан. Гэхдээ хоёр зүйлийг маш сайн мэдэж байна. Нэгдүгээрт, нийгмийн сэтгэлгээ төрийн харилцаанаасаа хол түрүүлээд хөгжчихсөн байгаа. Тиймээс ч төр нь ард түмэндээ байнга л гологдоод байгаа биз дээ. Хоёрдугаарт, Монгол Улсын төрийн харилцаа (тогтолцоо),Европын хөгжилтэй орнуудынхаас даруй хагас мянган жилээр хоцрогдож яваа. Тийм учраас дэлхийн шившиг болоод, ард түмнийхээ эсрэг төр гэдгээр шоолуулан дуудуулаад яваа байлгүй дээ. Биесээ гутааж унагаад, өөрсдөө тодордог пискүилл систем одоогоос 500 жилийн тэртээд италид байсан, төрийн мафийн пирамид (орчин цагт конусан) тогтолцоо 500 жилийн тэртээд байсан гээд хэд хэдэн үндэслэлийг баримжаа болгон тооцлоо.
ДЭЛХИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНООС ХАЛИАД ГАРГАЧИХАЖ БОЛОХГҮЙ
Дэлхийн бүх улс орнууд, Англо-Атлантын буюу далайн эрх зүй, Ром-Германы буюу эх газрын эрх зүй гэсэн 2-хон хуулийн орчинд хуваагддан оршдог. Монгол Улс эх газрын эрх зүйтэй орон, үндсэн хууль нь ч энэ л жишигээр явах ёстой, явсаар ч ирсэн. Эрх зүйн орчныхоо суурийг ганхуулдаг тийм үхэр шиг тэнэг улс байж болохгүй. Тэгэхээр Америкийн жишгээр ерөнхийлөгчийн тогтолцоотой болно, эсвэл үндсэн хууль байхгүй английг дууриана гэдэг нь дэмийрэл.
Гал гарлаа, унтраалаа, гэхдээ түймэр унтраагүй. Цогшсон голомт нь хөвдөн дор нуугдаж үлдлээ
Туршлага, идеа авах талыг үгүйсгэхгүй, харин суурь эрх зүйдээ шалзан хадаас ч авчирч шигтгэж болохгүй, Элбэгдоржийн гаргасан энэ алдааг бид амсахаараа нэг болсон. Европын холбооны бүх улс, Aзийн ихэнхи түүний дотор Япон Улс эх газрын эрх зүйтэй, Засаглалын холимог тогтолцоотой. Ерөөс дэлхийн дийлэнхи орнууд холимог тогтолцоотой. НҮБ-аас улс орон ямар тогтолцоотой байхыг заадаггүй. Төрөө өөрөө тохинуулах (Self-determination) эрхийг хүндэтгэдэг, гэхдээ бүртгэдэг юм. Манайх холимог тогтолцоотой БНу гэсэн бүртгэлтэй яваа. харин ерөнхийлөгч-парламентын тогтолцоо юу, эсвэл парламентерөнхийлөгчийн тогтолцоотой байх уу гэдэг хэлбэрийг зарлаж амжаагүй яваа. одоо амжуулах цаг нь иржээ.
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР
Гал гарлаа, унтраалаа, гэхдээ түймэр унтраагүй. Цогшсон голомт нь хөвдөн дор нуугдаж үлдлээ. Хэзээ ч дүрсхийн асч мэднэ. МАНАН бол зүгээр нэг нам дамнасан сүлжээ биш, тэр бол хөнгөрүүлсэн ойлголт. Ардаа асар том сүүдрийн эдийн засагтай, улсын эдийн засгийн тулуур багана болсон газрын баялагийг 30-40 жил захиран зарцуулах программтай, олигархиудын хунтын засаглал гэж ойлгох ёстой. Монголд эдийн засаг, эрх мэдлийн төлөөх дайн эхэлсэн. Монголын ухаант ард түмэн ордонд гарсан галыг амжилттай унтраалаа. Түймрийн голомт хөвдөн дор нуугдан үлдсэн гэдгийг дахин хэлье! Гэхдээ АН-ын зүгээс дахиад гал гаргана гэж тооцсонгүй, өөрсдийгөө танин мэдүүллээ. Монгол хамтын хүчээр ялна, учир нь монголчуудын ялагдашгүй чанарын этногенийн онолыг үндэслэсэн Лев Гумилев, монголчууд хэрэгцээтэй үед нягтарч чаддаг гайхамшигтай үндэстэн гэж хэлсэн байдаг юм.