Монгол хиамны үнэ Хятадад “тэнгэрт хадаж” байна
Монгол хиамны үнэ өмнөд хөршид тэнгэрт хадаж байгаа ажээ. Нэг кг-ыг 470 юань буюу 187 мянган төгрөгөөр зарж байгаа ажээ. БНХАУ-ын ӨМӨЗО-ны мах болон махан бүтээгдэхүүний чанар тааруу тул харьцангуй хямд үнээр зарагддаг.
Тэгвэл Монголдоо нэг кг нь 7000-10000 төгрөгөөр зарагддаг хиам өмнө хөршийн хил даваад хэд дахин нугалагдсан үнээр зарагдаж байгааг vk.com мэдээлсэн байна.
Саяхнаас “Очир Дагинас” компани БНХАУ руу хиам экспортолж эхэлжээ. Нэг кг нь түрүүн дурьдсанчлан 187 мянган төгрөгийн үнэ хүрч буй юм байна. Тодруулбал, “Талын домог” хиам 400 грамм нь 200 юаниар зарагддаг байна. Компанийн удирдлагын зүгээс өгүүлэхдээ “Бид Герман технологийг ашиглан маш өндөр чанарын бүтээгдэхүүн Монголдоо үйлвэрлэдэг. Монгол мал бол экологийн хувьд дэлхийд хамгийн аюулгүй тооцогддог чанартай ашигтай эд. Тэгэхээр энэ бол хамгийн ашигтай зах зээл мөн” гэжээ.
Манайх шиг экспортонд гаргадаг бараа бүтээгдэхүүн багатай улсын хувьд энэ бол таатай мэдээ юм. Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд өмнөд хөршийн зах зээл рүү бүтээгдэхүүнээ гаргах боломж харагдаж байна.