Н.Энхбаяр: Хятадын агаарын бохирдлын бодлого манай төсөвт эрсдэл учруулж байна
Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх, эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
–Жил бүр төсөв батлах үеэр эрчээ авдаг шүүмжлэл бол бодит төсөөлөл. Ирэх жилийн төсөвт ч бодит төсөөллийг суулгасангүй гэсэн шүүмжлэл байна. Магадгүй төсвийн төсөөлөл нь сонгуульд чиглэсэн гэж хардах олон нийтийг буруушаах аргагүй?
-Эдийн засаг хүнд байх цаг үед төвшин бүрт энэ талаар ярилцсан. Үүний үр дүнд 2017 оны эхээр Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн шүү дээ. Ер нь эдийн засаг хямарсан шалтгаан улсын төсөвтэй холбоотой гэдгийг олон улсын байгууллагын шинжээчид дүгнэсэн байдаг.
Яагаад замбараагүй байсан бэ гэвэл, улсын төсвөөс гадна өөр төсвүүд бий болсноор эцсийн дүндээ төсөвт тусдаг. Өөрөөр хэлбэл, Монголбанк хүртэл төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулсныг санаж байгаа байх. Эцсийн дүндээ зардлууд нь төсөвт тусгагдсан. Хэдийгээр улсын төсөвт тусгагдаагүй ч алдагдал болон өр хэлбэрээр улсын төсвөөс төлөх болсон. Эдгээрийг олон улсын ангиллаар тооцоолохоор бүгд улсын төсөв гэж тооцсон шүү дээ. Тэгэхээр төсвийн сахилга батаа сайжруулах хэрэгтэй гэж үзсэн. Нөгөөтэйгүүр төсвийн төлөвлөлтийг хэт өөдрөгөөр, нөхцөл байдалтайгаа нийцүүлэхгүйгээр төлөвлөсөн гэж үздэг. 2011-2014 онд Ираны эсрэг хориг хэрэгжсэн бол энэ жилүүдэд импорт тал дээр нэлээд дарамттай жил байлаа.
Учир нь газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсөхтэй зэрэгцэн манай улсын төсвийн зарлагыг ихээр нэмэгдүүлсэн. Энэ үед эрдэс бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ унах мөчлөг нь төсвийн орлогыг бууруулах нөхцөл болсон. Өөрөөр хэлбэл, гадаад зах зээлийн шалтгаанаас хамаарч Монгол Улс төсвөө зөв төлөвлөх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Өнгөрсөн жил судлаачид төсвийн төлөвлөлтийг хийх явцад гардаг алдааг засах талаар ярилцсан учраас нэлээд чамбай төсөв оруулж ирсэн шүү дээ. Харамсалтай нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд баримталж ирсэн бодлогоо хэрэгжүүлээгүй учраас ирэх жилийн төсөв алдагдал өндөртэйгээр батлагдчихлаа.
–Төсвийн орлогыг бүрдүүлж байгаа төсөөллүүд төдийлөн өөрчлөгдөөгүй. Гэтэл хэт өөдрөг төсөөлсөн нь орлого тасалдах эрсдэл дагуулж байна хэмээн эдийн засагчид шүүмжилж байгаатай та санал нийлж байна гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав, төсвийн орлогын дийлэнхийг уул уурхайн салбарын экспортоор бүрдүүлдэг. Тухайлбал, зэс, нүүрс. Гэтэл ирэх оны төсөвт тусгасан байдлаас харвал хэт өөдрөг төсөөлсөн нь харагдаж байгаа юм. Үнийн асуудлыг орхиё гэж бодоход биет хэмжээгээ хэтэрхий өндрөөр төсөөлчихлөө. Жишээлбэл, 42 сая тонн нүүрс экспортолно гэж төсөөлсөн. Мэдээж хийсвэр төсөөлөл гэж хэлэхгүй. Учир нь төсвийн баримт бичгийг бүрдүүлж байх үе буюу долоогоос наймдугаар сар хүртэл нүүрсний экспортын хэмжээ өссөн ч нэг хэсэг зогсонги байдалд орсон учраас энэ оны сүүлч хүртэл төсөөлсөн хэмжээ буурах хандлага ажиглагдаж байна. Тэгэхээр бодит байдлыг тооцож чадаагүйгээр барахгүй байж болох хэмжээг хэт өөдрөгөөр төсөөлсөн нь төсвийн орлого тасалдах эрсдэл дагуулж байгаа хэрэг. Энэ жилийн эцэст 32 орчим сая тонныг экспортолно гэж харвал, ирэх жил 42 сая тонн гэж төсөөлсөн байж болох төвшнөөс өндрөөр төсөөлсөн “мөрөөдөл”. Тиймээс л бодит байдалтай нийцэхгүй байна гэдэг шүүмжлэл гарч байгаа юм.
–Нүүрсний экспортоос олох орлого ирэх жилийн төсөвт нэлээд жин дарна. Гэтэл манайх зөвхөн урд хөрш рүү гаргадаг. Харамсалтай нь Хятад улс нүүрсний хэрэглээгээ хумихын зэрэгцээ дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого баримталж импортоор нүүрс авахгүй байх шийдвэрийг гаргасан байна?
-Сүүлийн үед нүүрсний экспорт зогсох хандлагатай болчихлоо. Энэ нь Гашуун сухайтын боомтоор нэвтрүүлэх эсэх асуудалтай холбоогүй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн зургадугаар сард Хятадын төрийн зөвлөлөөс агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөг шинэчлэн баталсан байдаг. Энэ баримт бичигт тусгаснаас харвал, Бээжин орчмын төвийн бүсийн мужуудын агаарын бохирдлыг бууруулахын тулд нүүрсний хэрэглээг гурван жилийн хугацаанд багасгах бодлого баримтлахаа илэрхийлсэн байна. Тэгэхээр эрчим хүчний салбартаа цахилгаан болон газны хэрэглээг нэвтрүүлэх зорилт тавьсан байгаа юм. Тиймээс өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Хятад улс нүүрсний импортоо хязгаарласан шийдвэр гаргасан гэсэн үг.
Энэ нь зөвхөн манай улстай хамааралтай зүйл биш. Австралийн судалгааны байгууллагаас гаргасан мэдээллээс харвал, Хятад улс тодорхойгүй байдлаар нүүрсний импортыг хязгаарласан. Ингэхдээ агаарын бохирдлыг бууруулна гэсэн ч нөгөө талдаа дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжихийг зорьсон хэмээн тайлбарлаж байгаа юм. Гэхдээ энэ шийдвэр ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байгаа гэдгийг ч мөн судлаачид хэлж байна. Магадгүй хүйтний улирлыг дуусгах байх гэсэн таамаг дэвшүүлсэн байна лээ. Тэгэхээр улсын төсөвт нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж тооцоолсон нь худал болох хандлага ажиглагдаж байна гэсэн үг. Хэрэв урд хөрш дээрх бодлогоо ирэх жил бүтэн хэрэгжүүлэхээр болчихвол төсвийн орлогын тооцоолол үндэслэлгүй болохын сацуу томоохон эрсдэл дагуулна.
–Мэдээж төсвийн орлогод багахан орон зай эзэлдэг ч аж ахуйн нэгжийн татварын орлогыг нэмэгдүүлэх хөшүүрэг хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бизнесийн салбараа дэмжих бодлогыг зорилтот бүлэгт нь хүргэх шаардлага гарч байна. Энэ нь тусгай сангуудын хөрөнгийн хуваарилалтын асуудлыг хөндөж байна шүү дээ?
-Төсөвт аж ахуйн нэгжийн оруулж буй хувь нэмэр бий. Гэхдээ аж ахуйн нэгжийн татварын орлогын дийлэнхийг нь томоохон компаниуд бүрдүүлдэг. Учир нь 2016 онд нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 30-40 хувь нь “Х” тайлан өгсөн байгаа юм. Харин 2017 оноос эдийн засаг сэргэхтэй зэрэгцэн бизнесийнхний үйл ажиллагаа ч сэргэж байна. Мэдээж нэр бүхий сангуудын асуудлыг зайлшгүй цэгцлэх шаардлага бий. Сүүлийн үед ЖДҮХС-гийн асуудал олны анхаарлын төвд байна. Нөгөөтэйгүүр, манайхан хэт туйлшрамтгай байгаа зарим талдаа ажил явуулахад хүндрэл учруулдаг. Салбар бүрт дэмжлэг хүсдэг учраас төрөөс бодлого гаргаж хөтөлбөр боловсруулан тусгай санд хөрөнгө төвлөрүүлэн хуваарилалт хийж байна.
Харамсалтай нь тэдгээрийг хянах механизм ажиллахгүй байгаа учраас алдаа гарах нөхцөл бүрдсэн гэж хардаг. Тодорхой сан бүр өөрийн салбарыг дэмжих зорилготой. Түүндээ чиглэж ажиллах учиртай юм. ЖДҮХС-гийн тухайд 2017 онд алдаа гарсан юм билээ. 2016 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын тогтоолоор түр журам гаргасан. Энэ нь нэлээд нарийн зохицуулалтай сайн журам бий. Харин 2017 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа “Сангийн зарцуулалтын журмыг салбарын сайд батална” гэсэн заалт оруулсан нь алдаа байсан. Гэхдээ ганц салбарын яамыг буруутгахын зэрэгцээ алдаа гарах нөхцлийг нь бүрдүүлсэн УИХ ч буруу алхам хийсэн гэдгээ ойлгох хэрэгтэй.
–Зайлшгүй шаардлагатай гэж харагдахгүй зарим бүтээн байгуулалтыг хойш тавих боломжтой хэмээн эдийн засагчид шүүмжилж байгаа. Төсвийн зарлагын тухайд таны бодол?
-Урсгал зардал гардгаараа л гарна. Ер нь жил бүрийн төсвийн зардалд томоохон өөрчлөлтийг үзүүлдэг нь хөрөнгө оруулалтын зардал. Тэгэхээр тухайн хөрөнгө оруулалтыг хийхдээ нэн тэргүүнд, зайлшгүй шаардлагатай гэдэг үзүүлэлтээр эрэмбэлэх учиртай. Мэдээж зөвхөн Сангийн яам сонголт хийгээгүй, салбарын яамд санал оруулдаг учраас үүрэг оролцоо чухал байдаг. Гэтэл хөрөнгө оруулалтын зардалыг тусгахдаа нарийн шалгуургүйгээр олон тооны барилга байгууламж барихаар төсөвт тусгасан нь зардлыг өсгөх нэг шалтгаан. Нөгөөтэйгүүр тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх шаардлагатай объектийг зөв тодорхойлох хэрэгтэй. Жишээлбэл, ирэх жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардлын нэлээд хэсгийг боловсролын салбарт төсөвлөсөн. Сургууль, цэцэрлэг хэрэгтэй байгаа нь үнэн боловч хаана барьж байгуулах вэ гэдэг сонголт нь буруу байгаа учраас сонгуулийн үнэртэй төсөв гээд байгаа юм.
Учир нь нийслэлийн хүн амын төвлөрлөөс улбаалан сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаатай хэн ч маргахгүй. Харин хөдөө 3-4 мянган хүн амтай сумын төвд шинэ сургууль барих зайлшгүй шаардлага тулгарсан эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, өмнө нь баригдсан 500-600 хүүхдийн багтаамжтай сургуулиа ашиглах боломж тэнд бий. Мэдээж шинэ барилга байгууламжтай болохыг үгүйсгэхгүй ч эдийн засгийн бололцоонд суурилсан тооцоолол байх ёстой. Магадгүй Доржийнх шинэ хөргөгч авахаар төлөвлөсөн тэр үед нь өрхийн орлого нь 30 хувиар буурах болжээ. Гэтэл тэдний хуучин хөргөгч хэвийн ажиллаж байгаа учраас түр хойшлуулах хэрэгтэй гэдгээ гэрийн эзэд ярилцан тохиролцоно. Үүнтэй л агаар нэг юм шүү дээ.
–Валютын ханшийн өсөлт улсын төсвийн орлого, зарлага аль ч талд нь эрсдэл үүсгэдэг. Тэгэхээр бид төсөвт тусгасан валютын ханшийн бодит төсөөллийг хэрхэн хийх ёстой вэ?
-Сүүлийн жилүүдэд эдийн засаг өсөлттэй байх эсэхийг шийдэж байгаа “Эрдэнэт”, “Оюутолгой”, “Энержи ресурс”, орон нутгийн “Тавантолгой”, “МАК” зэрэг хэдхэн төсөл бий. Эдгээр төслүүд жигд ажиллах уу гэдгээс бүх зүйл хамаарч байна. Тиймээс л олон улсын байгууллагууд манай улсын эдийн засгийг эрсдэлтэй гэж хараад байгаа хэрэг. Жишээлбэл, хил хаагдахтай зэрэгцэн нэг сард олох орлогоо алдаж байна. Үүнийг орлуулах хэмжээний орлого олох боломж хомс. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогод ихээхэн хувийн жин эзэлдэг төслүүд цаашид хэвийн явах нөхцлийг бүрдүүлвэл орлого тасрахгүй байх боломжтой. Нөгөөтэйгүүр, манай улсын хувьд валютын ханш байнгын эрсдэлтэй байгаа. Энэ нь биднээс хамаарахгүй. Учир нь экспортын орлого буурвал валютын ханш өсөх магадлалтай. Мөн импорт талдаа газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсвөл асар их хэмжээний валют гадагшлах болно. Ингэснээр валютын ханш өсөх бас нэг шалтгаан юм. Энэ мэт шалтгааны улмаас валютын ханшийг урт хугацаанд бодитоор таамаглах боломжгүй.
–Ерөнхийлөгч улсын төсөвт бүхэлд нь хориг тавьсан боловч дэмжигдсэнгүй. Энэ хориг хэр үндэслэлтэй байсан бэ?
-Бүхэлд нь хориг тавьж байсан түүх байхгүй болов уу. Ер нь төсвийг батлахдаа олон талын байр суурийг оруулахгүй, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхгүй байгаагийн гор гэж болно. Өмнөх хоёр жилд баримталсан зарчмаасаа хазайхгүйгээр чамбай төсөв боловсруулан баталсан бол маргаантай асуудал гарахгүй. Нөгөөтэйгүүр, улсын төсвийг батлахаас өмнөх хэлэлцүүлгийг хэлбэр төдийхнөөр хязгаарлах нь эдийн засагтаа хор уршигтай гэдгийг урт хугацаанд харсан. Тиймээс цаашид энэ тал дээр анхаарах нь зүйтэй.
Хүн бүр өрийн дарамтын талаар ярьдаг. Хэрэв бид өрийн дарамтгүй амьдаръя гэвэл төсвийн зардлыг бууруулах хэрэгтэй. Ер нь өрийн дарамт буурвал Засгийн газрын болоод Монгол Улсын зээлжих зэрэглэл өснө. Ингэснээр Засгийн газар төдийгүй бизнесийн салбарт маш сайн нөхцөлтэй хөрөнгө оруулалт татах боломж бүрдэх юм. Энэ нь эцэстээ улсын эдийн засагт эерэгээр нөлөөлнө.
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин