АНУ-Монгол: Гуравдагч хөршийн худалдааны хууль хүлээгдэж байна
Монгол Улс хөрш хоёр их гүрэнтэйгээ томоохон зөрчил үүсгэлгүйгээр дэлхийн бусад улс орнуудтай хоёр талын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх замаар гуравдагч хөршийн бодлогоо бүрэн хэмжээнд нь хэрэгжүүлж байна.
2017 онд Монгол Улс, АНУ хоёр дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэсэн. 1987 оноос хойш 31 жилийн хугацаанд хоёр улс харилцаагаа эдийн засаг, соёлын салбараас авахуулаад цэргийн салбар хүртэл өргөжүүлэн хөгжүүлж, өнөөдөр АНУ, Монгол Улс хоёуланд нь харилцан ашигтай нөхцөлийг бүрдүүлэх хоёр талын худалдааны хуулийг батлахаар ажиллаж байна.
2018 оны долдугаар сарын 26-нд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын төлөөлөгч Тэд Йохо есөн төлөөлөгчийн хамтаар АНУ-Монголын худалдааны хуулийг өргөн барьсан. Монголын гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг ноолуур, сүлжмэл эдлэл зэрэг тодорхой бараа бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөх замаар Монгол-АНУ-ын худалдааг дэмжих зорилгоор боловсруулжээ. Энэхүү хууль экспортод чиглэсэн үйлдвэрлэл, бизнесийг хөгжүүлэх, эдийн засгийг солонгоруулах зэрэг Монголын эдийн засгийн хөгжилд ихээхэн ач холбогдолтой. 2018 оны долдугаар сарын 30-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга худалдааны хуулийг бүрэн дэмжихээ илэрхийлж, хууль санаачлагчдад талархал илэрхийлсэн.
Энэхүү хууль Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулах нэгэн тод жишээ бол ноолууран болон сүлжмэл эцсийн бүтээгдэхүүн юм. Монгол Улс боловсруулаагүй ноолуурын үйлдвэрлэлээр Хятадын дараа дэлхийд хоёрт ордог. БНХАУ Монголын ноолуурын гол худалдан авагч бөгөөд эцсийн бүтээгдэхүүн “Хятадад үйлдвэрлэв” шошготой дэлхийн зах зээлд нийлүүлэгддэг. “2017 онд дэлхийн нийт түүхий ноолуурын 50 хувийг эзлэх 9400 тонн түүхий ноолуураас 1100 тонныг эх орондоо боловсруулж, үлдсэн буюу 8300 тонн ноолуурыг нэмүү өртөг шингээлгүй боловсруулаагүй хэлбэрээр нь Хятад улс руу экспортолсон”, гэж Ерөнхийлөгч Х.Баттулга ярьжээ.
Энэхүү хууль батлагдсан тохиолдолд Монгол Улс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Хятад зуучлагчын оролцоогүйгээр АНУ руу татваргүйгээр бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрдэх юм.
Цаашлаад, энэ хууль Монгол-АНУ-Японы гурван талт эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх боломжтой. Монгол, Япон хоёр улс эдийн засгийн стратегийн түншлэлийн хэлэлцээрийг 2015 онд байгуулсан.
Монголын гуравдагч хөршийн худалдааны хууль АНУ, Монгол Улс хоёрын хувьд хоёр талын харилцаанд дэвшил авчрах нэгэн боломж юм.
Тус хуулийн төсөл АНУ-ын хууль батлах процедурыг дамжих явцад Төлөөлөгчдийн танхимын 12 гишүүний дэмжлэгийг нэмж авсан.
2018 оны аравдугаар сарын 23-нд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн товчоонд зочилж, ардчиллын үнэт зүйлсээр дамжуулан хоёр талын эдийн засаг, улс төрийн харилцааг бэхжүүлэхэд хамтын ажиллагаагаа чиглүүлэх асуудлыг хэлэлцэв. Энэхүү өндөр төвшний уулзалтын дараа тус товчоо өөрийн твиттер хуудаснаа “Монгол нь Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь гол түнш юм” гэжээ.
Геополитикийн талаас авч үзвэл, АНУ Ази, Номхон далайн бүс нутаг дахь өөрийн байр суурийг бэхжүүлэх үүднээс бүс нутгийн ардчилсан улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа тэлэхийн зорьж байна.
Монгол Улс бүс нутагтаа идэвхтэй байр суурь баримталж байгаа нь цаг үеэ олсон, эдийн засгийн хувьд үр ашигтай юм. Учир нь энэ нь Монгол Улсад гадаад бодлогынхоо зорилтуудыг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломж олгож байгаа юм. Монгол Улсын Засгийн газар Монголын гуравдагч хөршийн худалдааны хуульд ихээхэн найдлага тавьж байгаа гэж А.Гансүх хэлэв.
АНУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Др.Жонатан Эдлтон The Diplomat сэтгүүлд ярилцлага өгөхдөө, “Миний бодлоор, энэхүү хуулийг батлах нь Монголын хувьд ч тэр, АНУ-гийн хувьд ч тэр дэвшилтэт алхам болно. Малын гаралтай бүтээгдэхүүнийг татваргүйгээр АНУ-ын зах зээлд нийлүүлснээр АНУ-ын бүтээгдэхүүнтэй шууд өрсөлдөхгүйн дээр, Монголын эдийн засаг, экспортыг солонгоруулахад ихээхэн ач холбогдолтой”, гэжээ.
Батлагдсан тохиолдолд энэ хууль Монголын экспортын тодорхой асуудлыг шийдэж, АНУ-Хятадын худалдааны алдагдлыг нөхөж, Монгол Улсын эдийн засгийн орон зайг бүс нутагт төдийгүй, дэлхийн хэмжээнд тэлэх боломжийг бүрдүүлэх юм.
Сан Францискогийн Их сургуулийн Ази, Номхон далайн судлалын магистр Болор Лхаажав