Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын хэрэгт ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
Одоогоос хоёр жил гаруйн өмнө Эдийн засгийн Хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэж, нэр бүхий хүмүүсийг цагдан хорьж байсан билээ. Түүнээс жил гаруйн дараа буюу 2017 оны аравдугаар сард Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг хүргүүлсэн юм.
Төрийн өндөр дээд албан тушаалтнуудад холбогдох хэргүүд шүүхээр шийдэгдэлгүй прокурорын шатанд хэрэгсэхгүй болдог тохиолдол манай улсад олон бий. Жишээлбэл, 2017 оны есдүгээр сарын эхээр Нийслэлийн прокурорын газраас 60 тэрбум болон Төмөр замын хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосноо мэдээлсэн байдаг.
Тэгвэл Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тухайн үед Улсын их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгийн хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” ХХК-д хууль бус давуу байдал олгож улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт, Улсын их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга асан Б.Гарамгайбаатар, Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Р.Онон нарт 2002 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийн гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр харьяалах шүүхүүдэд шилжүүлжээ.