ЦЕГ-ын дарга хурандаа С.Баатаржав Интерполын ерөнхийлөгчийг сонгох хуралд оролцож байна
ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 18-21-ний хооронд Дубай хотноо болж буй Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий ассамблейн 87 дугаар чуулганд оролцож байна. Энэ чуулганаар Интерполын ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалахын Дэд сайд Мэнг Хонгвей албан тушаалаасаа чөлөөлөгдсөнтэй холбогдуулан шинэ ерөнхийлөгчийг сонгох юм. Тус албан тушаалд Европ болон Ази тивийг төлөөлөн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа ОХУ-ын Интерполын Үндэсний төв товчооны дарга, цагдаагийн хошууч генерал Александр Прокопчук, мөн БНСУ-ын Үндэсний цагдаагийн газрын Гадаад харилцааны газрын даргаар ажиллаж байсан Ким Жонг Янг нар нэр дэвшээд байна.
Жил бүр дэлхийн улс орнуудын аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлын талаар харилцан мэдээлэл, туршлага солилцдог бол энэ удаагийн чуулганаар орчин үеийн дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан, хүний зан авир мэдрэгч, цахим шүүх шинжилгээг ашиглан үндэстэн дамнасан болон кибер гэмт хэрэгтэй тэмцэх сэдвүүдийг хамарч байгаагаараа онцлог ажээ. Чуулганд Интерполын гишүүн 170 гаруй улсын дотоод хэргийн болон хууль зүйн сайд нар, цагдаа, хууль сахиулах байгууллагын удирдлагууд зэрэг 1000 гаруй төлөөлөгчид оролцож байна.