Монголын эмэгтэйчүүдийн холбоонд жагсаал хийх зөвшөөрөл олгоогүй гэв
Монголын эмэгтэйчүүдийн холбооноос 2017 оны наймдугаар сарын 23-нд нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, “Очир төв”-д амиа алдсан 13 настай охины шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлтээ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд 2018 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр гаргажээ. Гэвч шүүх хуралд тухайн хэргийн оролцогч нараас өөр хүнийг оруулах боломжгүй гэж мэдэгдсэн байна.
Үүний өмнө мөн хэрэгтнүүдийг шүүх хурлын үеэр шүүхийн өмнө эмэгтэйчүүд нэгдэж, тайван жагсаал хийх хүсэлтийг нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргад хүргүүлжээ. Гэсэн ч "Цагдаа, төрийн хамгаалалтад байдаг газарт жагсаал цуглаан хийхийг хориглоно" гэсэн хуулийн заалтын дагуу зөвшөөрөл олгоогүй талаар эх сурвалж хэллээ.
Тиймээс Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Хүчирхийллийг хүчгүйдүүлэхийн төлөө” хөдөлгөөнд цахимаар нэгдэж, охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөх тэдний санаачилгыг дэмжихийг уриалсан байна.