Гамшигт өртсөн гурван жижиг бизнес тутмын нэг нь дампуурдаг
Өмнийн говьд өнгөрсөн зун их хэмжээний хур тунадас унахад А компани түлшгүй, тээвэрлэлт ч үгүй, борооны устай зууралдсаар цөөнгүй хоножээ. Харин үерээс хамгаалах далан барьсан Б компани энэ үеэр хэвийн ажиллаж, борооны усаа хуримтлуулаад, баяжуулах үйлдвэртээ ашигласан байна. Нэг салбарын хоёр компани эрсдэлийн эсрэг ийм эрс тэс байсан нь хол зөрүүтэй үр дүн дагуулжээ.
Төрийн өмчит А компани байгаль цаг уурын эрсдэлийг үл тоосноос нүүрсний тээвэрлэлтээ гацааж, орд уурхайгаа үерт автуулахад хүргэсэн бол Б компани байгалийн гамшгийг давуу тал болгон ашигласан нь энэ. Одоогоос хэдэн жилийн өмнө Австралид үер буусны улмаас олон улсын зах зээлд нүүрсний үнэ гэнэт өсөж, сандарч явсан бид түүхий эдийн орлогоо санаандгүй нэмэгдүүлж байв. Арлын Австралид байгалийн гамшиг нүүрлэсэн нь талын Монголд ашиг авчирлаа хэмээн бид тухайн үед битүүхэндээ баярлаж байсан нь үнэн. Гэхдээ бидэнд үерт автсан Австралийн орд уурхайг ам дамжин ярихаас өөрөөр эрсдэлээс сэрэмжлэх, эртнээс бэлтгэх сөхөө үнэндээ байсангүй.
Гэтэл энэ оны зургаа болон долдугаар сарыг дамнан орсон борооноор манай экспортын гол зам сүйдсэнээс Монгол Улсын орлогоын гол эх үүсвэр болсон нүүрсний нийлүүлэлтийг хэсэг хугацаанд гацаав. Ер нь өнгөрсөн зуны бороо манай уул уурхайн компаниуд ялангуяа, нүүрсний уурхайнуудын эрсдэлийн бэлэн байдлыг шалгасан. Гэвч дийлэнх нь гэнэтийн энэ шалгалтад бүдэрч, хэд хоног зутарчээ. Байгалийн гамшиг бидэнд ийнхүү сургамж үлдээлээ. Ирэх жилүүдэд бэлэн байхыг сануулсан сургамжтай үйл явдал болсон. Тиймээс олборлогчид маань эртнээс эрсдэлийн удирдлагын менежментээ сайжруулах хэрэгтэй гэж эдийн засагч Л.Наранбаатар хэлж байна.
Эрсдэлийн менежментийн нэг хэсэг болох гамшгийн менежмент өнөө хэр манай хувийн хэвшилд үгүйлэгдэж байна. Учир нь дэлхийн байгаль цаг уурын хувьсал, өөрчлөлт, байгальтай зүй бус харилцаж буй хүний зохисгүй үйл ажиллагаанаас болж гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдээд байна. Эрдэмтдийн судалгаагаар дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн сүүлийн 60 жилд Монгол орны агаарын жилийн дундаж температур хоёр градусаар нэмэгдэж, ган, зуд, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ойртжээ.
Гэтэл НҮБ-ын тайланд дурдсанаар гамшиг болсны дараа бизнесийн тасралтгүй ажиллагааны төлөвлөгөөгүй аж ахуйн нэгжийн 75 хувь нь гурван жилийн дотор үүдээ барьдаг байна. Тухайлбал, Японы 100 жилийн түүхэнд хараар бичигдэх гамшиг 2011 онд тохиосон. Тус улсын баруун өмнөд хэсэгт болсон газар хөдлөлтөд өртсөн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн 30 хувь нь бизнесийн үйл ажиллагаагаа дахин эхлүүлээгүй байна. Жижиг бизнесүүдэд ийн нөлөөлсөн бол томоохон компаниуд ч хохирол амссан. Японы алдарт Toyota компани гэхэд энэ үеэр 1.2 тэрбум ам.долларын алдагдал хүлээж байжээ. Тэгвэл өнгөрсөн онд дэлхийн бизнесүүд байгалийн гамшгийн улмаас 330 тэрбум ам.долларын алдагдал хүлээснийг Munich Re тайландаа дурджээ.
Байгалийн гамшгаас сэргийлж чадсанаар давуу тал олдог
“PMI Mongolia Chapter” төрийн бус байгууллага манайд эрсдэлийн удирдлага сул гэж дүгнэж байна. Энэ нь аж ахуйн нэгж болон төслийн алдагдал өсөх нэг шалтгаан болдог байна. Тухайлбал, байгалийн гамшиг зэргийг багтаасан эрсдэлийн менежментийн алдагдал дэлхийн дунджаар 10 хувь байдаг бол Монголд 25 хувьтай байдаг аж. Барилгын компаниуд байгаль цаг уураас үүдсэн эрсдэлтэй нүүр тулах нь элбэг. Тухайлбал, цаг уурын эрс тэс байдлаас үүдэн технологийн асуудал үүсдэг гэж Premium Building Materials компани онцоллоо. Манай улс төр, эдийн засгийн орчин тогтворгүй, тодорхойгүй. Энэ хэрээр бизнес эрхлэгчид өндөр эрсдэлтэй орчинд үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Өдгөө валютын болон таваарын ханшийн эрсдэл Монголын бизнес эрхлэгчдийн толгойны өвчин болсоор буй.
Мөн технологийн хөгжлийн сүүдэр болсон мэдээллийн аюулгүй байдал ч хувийн хэвшлийнхний санааг зовоох болов. Улс төр, макро эдийн засгийн орчны сорилтоос энгийн бизнес эрхлэгч сэргийлж, хамаалах нь амаргүй. Харин эрсдэлээр дүүрэн бизнесийн орчинд өөрөөс хамаарах сорилт бэрхшээлүүдээ шийдэх нь чухал болохыг удирдлагын академийн багш Ц.Өнөржаргал хэлж байна. Өөрөөр хэлбэл, бусад эрсдэлээс бизнесээ хамгаалах боломж тэдний гарт байна. 2008 оны дэлхийн эдийн засгийн их хямралын дараагаас бизнес эрхлэгчид эрсдэлийг эн тэргүүнд авч үзэж ирлээ. байгалийн гамшиг хэнийг ч дайрахыг үгүйсгэхгүй. гол нь уг эрсдэлээс сэргийлж чадсанаар өрсөлдөөнд ялах давуу талыг олж авдаг байна.