УИХ-ын долоон гишүүнд АТГ хэрэг үүсгэжээ
ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд болжээ. Хамаарал бүхий компанидаа зээл авсан нь илчлэгдсэнээс хойш нийгмийн бухимдал жагсаал хийж, шаардлага хүргүүлэх хэмжээнд хүрэв. Өчигдөр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан иргэд тус сангаас зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох шаардлага УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүллээ.
Тэд дуулианд нэр холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийн дагуу шалган хариуцлага хүлээлгэхийг шаарджээ. Харин тавьсан шаардлагыг нь биелүүлэхийн тулд хуулийн дагуу шалгаж тогтоосон нотлох баримт үндэслэл болох ёстой. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүдийг өмөөрч хаацайлахгүй гэдгээ илэрхийлж, тус сан болон бусад сангийн зарцуулалтыг шалгах үүргийг Сангийн сайдад өгөөд буй. Харин хууль хяналтын байгууллагуудаас АТГ эл хэргийг шалгаж байгаа юм.
ЖДҮХС-гийн зээлийг буруу зарцуулсан дуулиан гарч эхлэхэд прокурорын байгууллагаас шалгаж, тогтоох үүргийг АТГ-т өгсөн. Тухайлбал, нийслэлийн Прокурорын газраас эрх бүхий албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон зээл олгосон нь албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт нээж, шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн юм.
Үүний дагуу атг-аас энэ сарын эхээр гүйцэтгэх ажиллагаа явуулж тус сангийн захирал С.Төгсбилэг, ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат тэргүүтэй дөрвөн хүнийг баривчилсан. Мөн өнгөрсөн долоо хоногт АТГ “Чингис хаан” нисэх буудалд тусгай ажиллагаа явуулж тус сангийн орлогч, нэг албан тушаалтныг баривчлан 461 дүгээр ангид хорьсноос гадна 20 хүнийг хилээр гарахыг хориглосон юм. АТГ-аас ЖДҮХС-гаас зээл олгосон хэргийг гурван чиглэлээр шалгаж байна. Эхнийх нь албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж үзэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
УИХ-ын гишүүдийг хуулийн дагуу шалгах ажил гацаанд орох уу
Мөн ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй зөрчил илрүүлэх зорилготой ажиллаж байгаа аж. Үүнээс гадна зээл авахаар хандсан төсөл бүрийг шалгаж дүн шинжилгээ хийх юм. Тус сангаас хоёр удаагийн сонгон шалгаруулалтаар 1300 төсөл хэлэлцэж, 200 гаруй ААН-д зээл олгосон байв. Дээрх шалгаруулалтад оролцсон бүх зээлийг судалж дүн шинжилгээ хийнэ гэсэн үг. Ингэснээр шалгараагүй төслүүдэд яагаад татгалзсан хариу өгсөн болон төрийн өндөр албан тушаалтантай хамаарал бүхий компаниудад ямар үндэслэлээр зээл олгосныг тогтоох ажээ. Харин иргэдийн шаардаж буй төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниудыг шалгах явцад УИХ-ын долоон гишүүн хууль зөрчсөн байж болзошгүй нь илэрчээ. Тэдгээр гишүүнд АТГ хэрэг бүртгэлт нээн шалгаж эхэлсэн байна. АТГ-т иргэдээс ирүүлж байгаа мэдээллээр энэ тоо нэмэгдэж магадгүйг ч албаны эх сурвалж хэллээ.
Нэр бүхий УИХ-ын долоон гишүүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлд заасны дагуу зөвхөн хэрэг бүртгэлтээр хэрэг үүсгэсэн. Харин хуулиар цааш шалгахын тулд тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлага үүснэ. Өөрөөр хэлбэл, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлээр хэрэг үүсгэхгүйгээр шалгах боломжгүй болох юм. Тиймээс АТГ УИХ-ын гишүүний хэргийг шалгахын тулд эрхэнд нь халдах саналыг прокурорт тавих ёстой. Харин Ерөнхий прокурорын зүгээс УИХ-ын долоон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг парламентад тавьж УИХ-аар хэлэлцүүлнэ. Тэр үед нийгмийн зүгээс дэмжлэг үзүүлбэл ЖДҮХС-гаас зээл авсан уих-ын гишүүдэд хариуцлага тооцох хүсэлт үр дүнд хүрэх учиртай.