Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ парламентын хугацаанд хийхийн төлөө ажиллана
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж дууссан. Тиймээс энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаагаад буй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцангаас дараах асуултад хариулт авлаа.
-УИХ тарах ёстой гэдэг асуудлын талаар ярьж эхлээд байна. Үүний хажуугаар зарим нэг нь Ерөнхийлөгчийн засаглалтай болох сонирхлоо ил, далдаар илэрхийлэх боллоо. Ер нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр ихэвчлэн ямар асуудлыг хөндөх вэ?
-Монголын ард түмэн 1990, 1991 онд парламентын тогтолцоог сонгосон. Цаашид энэ тогтолцооныхоо дагуу явна. Харин засч, залруулах, боловсронгуй болгох чиглэлээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг суулийн 10 жилийн хугацаанд ярьж байна. Өнөөдөр Үндсэн хуульд юу нь болохгүй, юу нь болж байгаа болон ямар өөрчлөлтийг хийх, үүргээ хэрхэн биелүүлэх вэ гэдэгт хариу өгөх зорилгоор Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж байна. УИХ, гишүүдийн хариуцлага, Засгийн газарт тавих хяналт, эрх мэдлийн харилцан тэнцлийг хангаснаар одоогийн гараад байгаа шүүмжлэл, зөрчилд хариулт өгч чадна.
Тэгэхээр олон нийтээс социологийн судалгаа, санал асуулга авч, хуульд тусгаж байж дээрх асуудлуудад хариу өгч байгаа юм. Жишээ нь, хуулийг батлах босго, ирцийг тодорхой болгож, УИХ-ын гишүүдийг Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол эргүүлэн татдаг асуудал, "Давхар дээл"-ийг хязгаарласнаар УИХ, Засгийн газар нь тус тусдаа ажлаа хийнэ. УИХ-ын хянан шалгах үйл ажиллагаа эрс дээшилж, бие биедээ тавих хяналт тэнцэл нь хангагдана. Элдэв хуйвалдаан байвал Хянан шалгах түр хороо байгуулаад асуудлыг шийдэж, Засгийн газрын тогтвортой байдалд хариулт өгч байгаа юм. Тухайлбал, өнөөдрийн чуулганы хуралдаанаар шүүх засаглал болохгүй байгаатай холбоотой асуудлыг ярьж байна. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөд улс төрийн намын санхуужилт, шударга ёсны талаар тусгаж өгсөн.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх чадамж энэ парламентад байгаа эсэх тухайд маргаан гардаг шүү дээ?
-Өнгөрсөн хугацаанд бид олон удаагийн Засгийн газрын нүүрийг үзлээ. Тиймээс өнөөдөр төрийн засаглал гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал хэрэгтэй. Хариуцлага тогтвортой байдлыг нь ч хамт ярих ёстой. Тиймээс бид ирээдүйгээ харж өнөөдрийн нөхцөл байдалд Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай хуулиа өөрчлөөд авмаар байна.
Мөн Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлж эхлэх гэж байна. Засаг захиргааны хуулийн өөрчлөлтүүдийг хийж байна. Энэ бүх хуримтлагдсан асуудлыг шийдэхийн төлөө өнөөдрийн парламент ажиллаж байгаа юм.
-Үндсэн хуулийг өөрчилснөөр Засгийн газрын тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ. Байсхийгээд л Засгийн газрыг огцруулах тухай яриа гардгийг тогтолцоотой холбон тайлбарлаад байдаг?
-Олон жил ярьсан асуудалд дүгнэлт хийж, Засгийн газрын тогтвортой байдлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хангахын тулд яах ёстой юм гэдгийг тодорхой болгож өгөхөөр тусгасан. 39 буюу УИХ-ын нийт гишүүний олонх нь шинэ Ерөнхий сайдыг өргөн мэдүүлснээр түүнийг дэмжиж, томилбол өмнөх Ерөнхий сайдыг огцорсонд тооцохоор, парламентын хяналтыг боловсронгуй болгох зорилгоор УИХ гишүүний дөрөвний нэг нь буюу 19 нь асуудлыг тавьж байхаар тусгасан. Ингээд Ерөнхий сайдаа томилж чадахгүй байвал УИХ тарах эрх мэдлийн тохируулга, зохицуулалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулсан. Энэ бүхэн цаанаа утга учиртай. Засгийн газрын бие даасан тогтвортой ажиллагааг бүрдүүлж, Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлдэг, гишүүддээ хариуцлага тооцдог механизмыг суулгаж өгч байна. Дээр нь УИХ Ерөнхий сайдад хяналт тавьдаг, хариуцлага тооцдог механизмыг тодорхой болгох юм. Энэ бүхнийг хийснээр өнөөдөр төдийгүй цаашид даамжирч болох нөхцөл байдлыг гудамжинд биш парламент дотроо шийдэж байх Үндсэн хуулийн үүргийг хийж өгч байгаа юм.
-Энэ парламентын хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа шүү дээ?
-Миний хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ парламентын хугацаанд хийж, амжуулахын төлөө ажиллана гэж бодож байна.