Ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэх шинэ хувилбар баталлаа
БХБЯ-наас Сангийн яам болон Монголбанктай хамтран арилжааны банкаар дамжуулан олгож буй ипотекийн зээлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тохиролцоонд хүрлээ. Ингэснээр барилгын салбарын зогсонги байдал, найман хувийн зээлээр орон сууцанд орох гэсэн иргэдийн эрэлт хэрэгцээг зохицуулна хэмээн тус яам тооцоолсон байна. Түүний дагуу Засгийн газар УИХ-аас шийдвэр гаргуулахаар Эдийн засгийн байнгын хороонд саналаа танилцууллаа.
Тус зээлийг анх азийн хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлж байсан бөгөөд 2008-2012 онд 42.6 мянга, 2013-2016 онд 26 мянган айл ипотекээр орон сууцтай болжээ. Харин 2016 оноос Монгол Улс ОУВС-гийн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан тул ипотекийн зээлийн хэмжээ эрс буурсан. 2018 оны байдлаар улсын төсвийн 120 тэрбум, зээлийн эргэн төлөлтийн хөрөнгөөс 220 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зарцуулж байгаа бөгөөд найман хувийн зээлээр 3578 өрх орон сууцанд орсон аж.
Харин арилжааны банкууд энэ онд 248 тэрбум төгрөг гаргаж, 3798 айлд зээл олгожээ. Зээл олголт ийн буурснаар хамрагдах хүсэлт гаргасан иргэдийн дараалал үүсч барилгын салбар ч уналтад ороод буй. Өнөөдрийн байдлаар нийслэлд 35 мянга, орон нутагт 14 мянган айл найман хувийн зээлд хамрагдах хүсэлт гарган банкны шийдвэр хүлээж байна. Түүнийг хангах орон сууцны нийлүүлэлт ч бэлэн байгаа юм. Харин БХБЯ ипотекийн зээлд хамрагдах иргэдийн хүлээлт, барилгын салбарын тогтвортой байдлыг хангахын тулд арилжааны банкуудын хөрөнгө оруулалтыг нэмэх боломжтой гэж үзжээ. Салбарын яамны тооцоогоор улсын төсвийн болон зээлийн эргэн төлөлтөөр сард 20 орчим тэрбум төгрөгийг л тус зээлд зарцуулж байгаа аж. Харин Монголбанк, Сангийн яамнаас арилжааны банкинд өгч байгаа мөнгөний хүүг дөрөв байсныг нь нэг хувь болгон бууруулвал банкууд сард олгох зээлийн дүнг 60 тэрбумд хүргэх боломжтой аж. Ингэснээр ипотекийн зээлийн санхүүжилт гурав дахин нэмэгдэнэ. Засгийн газар арилжааны банкуудын боломжийг ашиглаж ОУВС-гийн шаардлагыг зөрчихгүй байх хувилбар боловсруулсан нь энэ юм. Түүнийг нь ч Эдийн засгийн байнгын хороо дэмжиж гишүүдийн олонхоор батлан Засгийн газарт чиглэл өглөө.
ОУВС-гаас ипотекийн зээлийг эргэн төлөгдөх хэмжээгээр гаргах, 2019 оны нэгдүгээр сараас эхлэн Монголбанк биш Засгийн газар энэ зээлийг авах зэрэг шаардлага тавьсан. Харин энэ ажил хугацаандаа шилжих боломжгүй болсон талаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн юм. Тэрбээр “Анх ирээдүйн тэтгэврийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр Монголбанкнаас ипотект зориулж 3.2 их наяд төгрөг гаргасан. Энэ хөрөнгө оруулалтыг Засгийн газар төлж байж зээлийг шилжүүлэн авах ёстой. Гэтэл Засгийн газарт ийм хэмжээний мөнгө байхгүй учраас шилжүүлэх боломжгүй” гэв. Нэгэнт Засгийн газар зээлийн үйл ажиллагааг шилжүүлэн авах боломжгүй болсон нөхцөлд Монголбанк зохицуулалт хийх нь гарцаагүй. Гэхдээ санхүүжилтийг ийм бага хэмжээгээр нэмэгдүүлснээр хүлээгдэж буй эрэлт нийлүүлэлтийг зохицуулж чадах эсэх нь эргэлзээ төрүүлж байгаа.
Орон сууцны найман хувийн зээлийг олгож эхэлснээс хойш Монголын нийгэм, эдийн засагт олон эерэг үзүүлэлт гарсан. Эдийн засагт үзүүлэх барилгын салбарын өсөлт түүнийг дагасан дотоодын үйлдвэрлэл тэр дундаа цемент, тавилга, барилгын материалын үйлдвэрлэл огцом нэмэгдсэн. Ажлын байр нэмэгдснээс эхлээд залуусын ажиллах идэвх сэргэж, олон залуу өрх орон сууцанд орж, иргэд өөрсдийнхөө төлөө зүтгэх нийгмийн хариуцлага нэмэгдсэн гээд нийгэмд нөлөөлсөн нааштай үзүүлэлт бий. Үүнээс гадна ипотекийн зээлийн эргэн төлөлт 98 хувьтай байгаа нь хамгийн сайн зээлд тооцогдож байгаа. Нийгэм, эдийн засагт чухал нөлөөтэй сайн зээлд бага хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж байгаа нь аргацаасан ажил юм. Энэ талаар УИХ-ын гишүүд ч байр сууриа илэрхийлж байна. Д.Эрдэнэбат гишүүн “төрийн том бодлогыг гаднын байгууллагын шахалтаар зогсоосон нь олон сөрөг үр дагавар бий болгосон. Нийгэм эдийн засгийн олон эерэг үзүүлэлт энэ зээл буурснаар эргээд бахь байдагтаа очсон. Монголбанк, БХБЯ-наас зохицуулалт хийхээр оруулж ирсэн энэ саналыг УИХ дэмжлээ ч жилийн дараа юу ч өөрчлөгдөхгүй. Санхүүжилт хийх гэж байгаа бол салбарын асуудлыг, иргэдийн хүлээлтийг бүрэн хангах хэмжээгээр хийх хэрэгтэй” гэв. Тэрбээр голыг нь олоод хэлчихэв. БХБЯ салбараа аврахын тулд Монголбанк, Сангийн яамыг царайчилж аргацаахын оронд уих-аас ипотекийн зээлийг хариуцаж байгаа Монголбанкинд санхүүжилтийг нэмэгдүүлэх санал боловсруулах үүрэг өгөх хувилбарыг сонговол далайцтай ажил болох учиртай.