Сүүлчийн шижир алтыг та эзэмшдэг гэвэл утга учир, үнэ цэн нь хэмжээлшгүй их байх болно
Алтыг банкинд тушаадаг гэж л мэдэхээс алтан гулдмай худалдан авах боломж нээгдсэнийг саяхан л мэдлээ. Голомт банк яагаад алтан гулдмай гаргах болсныг сонирхвол? Би Голомт банкинд сүүлийн хоёр жил алтны дилерээр ажиллаж байна. Энэ хугацаанд одоогийн алт арилжааны зах зээл алтыг хамгийн үр ашиггүй ашиглаж буйг ухаарсан. Учир нь алт олборлогчид бидэнд, бид Монголбанкинд, Монголбанк дэлхийн зах зээл рүү зардаг.
Гэтэл энэ байдлаар дахиад 50 жил үргэлжилбэл “Алт гэж сайхан эрдэнэ байсан” гэж хоосон яриад суух л үлдэнэ. 50 жил хол сонсогдовч бид алтаа ухаж эхлээд аль хэдийнэ 30 жил болж байна шүү дээ. Тиймээс нөхөн сэргэдэггүй, олдоц бага, дэлхий нийтээр хатуу валют хэмээн хүлээн зөвшөөрдөг энэхүү үнэт эрдэнээ аль болох нэмүү өртөг шингээн эх орныхоо эдийн засагт яаж эргэлдүүлэх вэ гэж удаан бодсон. Энэ бодлын маань биелэл болж “Шижир алтан гулдмай” хэмээх уг бүтээгдэхүүн гараад байна.
Тэгэхээр бид алтыг хамгийн үр ашиггүй хэлбэрээр ашигладаг байх нь. Өөр ямар ашигтай хувилбарууд байж болох вэ?
Одоо ашиглаж байгаа “олборлоод зарах” гэсэн энэ модел нь зөвхөн алт олборлогчид, банкуудад л ашигтай. Гэтэл ОУ-д “олборлоод хөрөнгө оруулах” модел үйлчилж байна.
2017 онд дэлхий даяар 728.4 тонн биет алтан гулдмайд хөрөнгө оруулалт хийснийг Дэлхийн алтны консулаас зарласан. Мөн 2017 онд дэлхийн алтны эрэлтийн 54 хувийг алтны гоёл чимэглэлийн эрэлт эзэлж байна. Үүний 712 тонныг БНХАУ, 561 тонныг нь Энэтхэг эзэлжээ. Эдгээр улс цэвэршүүлсэн алтаар гоёл чимэглэл урлаж, өндөр үнээр худалддаг.
Одоохондоо энэ хоёр хувилбарын нэгийг Монголд шууд хэрэгжүүлчих боломжгүй юм. Иймээс бид дундын хувилбар гаргасан нь “Шижир алтан гулдмай”. Уг бүтээгдэхүүнийг Монголынхоо байгалийн баялгийг хайрладаг, тэр дундаа алт хэмээх үнэт эрдэнийн ач холбогдол, үнэ цэн, утга учрыг ойлгодог, ойлгохыг хүсдэг хүмүүст зориулан гаргасан юм.
Тус шижир алтан гулдмайг өөртөө дурсгал болгон авч, эсвэл бусдад бэлэглэх нь утга агуулгын хувьд гүн сэтгэгдэл төрүүлэхүйц үнэ цэнэтэй бэлэг болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Утга агуулгын хувьд гүн сэтгэгдэл төрүүлэхүйц гэдгийг тодруулбал?
Нэгдүгээрт, энэ шижир алтыг Монгол орныхоо хөрснөөс олборлосон. Бид байгалийн баялгаасаа бага ч болов эх орондоо авч үлдсэнээр алтны ач холбогдол, үнэ цэнийг үр хүүхэд, хойч үедээ ойлгуулах боломж бүрдэх юм. Гэтэл одоо алт бол ердөө л олборлогч компани, арилжааны банк хоорондын бизнес болоод байна шүү дээ.
Хоёрдугаарт, Алтны химийн тэмдэглэгээ нь Au буюу Aurum гэсэн Грек үгний товчлол. Орчуулбал “нарны туяа”, “үүрийн гэгээ” гэсэн үг. Иймээс хүн төрөлхтөн алтыг мандан бадрахын бэлгэдэл болсон наран ургахтай адилтгадаг байна. Харин галаа тахидаг бидний хувьд алт нь галын дөл шиг өөдлөн дэвжих, урган төлжихийг бэлгэддэг. Тэгэхээр шижир алтан гулдмайг бэлгэнд өгч, авч байгаа хүмүүсийн хувьд алт нь гүн утга учиртай, үнэ цэнтэй бэлэг юм.
Гуравдугаарт, манай алтан гулдмай тус бүр дахин давтагдашгүй сериал дугаартай. Иймээс өөрийн болон эсвэл бэлэглэх хүнийхээ шүтдэг тоо бүхий сериалтай гулдмайг захиалах боломжтой. Жишээ нь, 8-ын тоо баяр жаргал, элбэг хангалуун амьдрал, урт удаан нас, өсөн дэвжихийг бэлэгддэг.
Алтны гарал үүсэл гэж чухал зүйл байдаг шүү дээ. Та бүхэн гулдмай хийх алтаа яаж сонгодог вэ?
Алтыг сайн муу аливаа энергийг шингээж, хадгалдаг гэж үздэг. Тиймээс гарал үүсэл нь тодорхойгүй алтаар гулдмай хийж яав ч болохгүй. Монголбанкинд 2017 онд тушаагдсан нийт алтны 65 хувийг иргэд тушаажээ. Харин үлдсэн 35 хувийг нь ААН-үүд тушаасан байна. Бидний хувьд хууль, дүрэм, журам, стандартын дагуу алт олборлосон аж ахуй нэгжүүдийн алтаар гулдмайгаа хийж сертификат дээрээ бичдэг.
Танай алтан гулдмай 999 сорьцтой гэсэн. Энийг хэн тогтоож, баталгаажуулдаг юм бэ? Хөндлөнгийн байгууллага уу?
Монгол Улсын хэмжээнд сорьц тогтоодог ганц л байгууллага бий. Тэр нь Үнэт металлын сорьцын хяналтын газар.
Тэд гулдмайнаас дээж авч шинжлээд сорьцыг нь тогтоодог. Түүнийг баталгаажуулсан сорьцын дардсыг алтан гулдмай дээр дарсан байгаа.
Гулдмайн хэмжээ болон үнийн хувьд?
Нэг алтан гулдмайд 1 унц буюу 31.1 грамм алт орсон. Одоогийн 1 унц алтан гулдмайн үнэ 4 - 5 сая төгрөг.
Ер нь хэзээ нэгэн цагт алт үнэ цэнээ алдаж байсан тохиолдол бий юу?
Алт бол хэзээ ч үнэ цэнээ үл алдах хөрөнгө байсаар ирсэн. 1968 онд 1 унц алт 35 ам.доллар байсан бол одоо 1,190 ам.долларт хүрч 34 дахин өсчээ.
Монгол Улсын алтны нөөц дундрахад таны гар дээрх шижир алтан гулдмайн үнэ хэд дахин өсөхийг таашгүй юм. Хамгийн гол нь Монгол орны хөрснөөс олборлосон сүүлчийн шижир алтыг та эзэмшдэг гэвэл утга учир, үнэ цэн нь юугаар ч хэмжигдэхгүй болов уу.
Голомт банкны ахлах дилер Г.Мөнх-Эрдэнэ