Б.Сүхбаатар: Гаалийн байгууллагад хар тамхитай тэмцэх эрхийг нь олгочих
Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатартай ярилцлаа.
–Гаалийн байгууллагын үндсэн чиг үүрэг бол хар тамхи мансууруулах бодистой тэмцэх. Энэ тэмцэл хэр үр дүнтэй, цаашлаад тоног төхөөрөмжийн шинэчлэл, боловсон хүчин хэр хангалттай байна вэ?
-Хар тамхи мансууруулах бодисын хил дамнасан хууль бус эргэлттэй тэмцэх нь гаалийн байгууллагын үндсэн чиг үүрэг. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцид суурь ухагдахууныг тодорхой зааж өгсөн байдаг.
Хар тамхи мансууруулах бодис, хэрэг зөрчилтэй тэмцэхийг хүмүүс гааль дээр ашиглаж байгаа шинэ тоног төхөөрөмж, багаж техникээр хэмжих гээд байдаг. Одоогийн хил, гааль дээр ашиглаж байгаа тоног төхөөрөмж, албаны эрэлч нохой зэрэг тэмцэж байгаа арга хэрэгслийн хувьд олон улсын жишгээс хоцроогүй. Харин хүрэлцээний хувьд дутагдалтай тал бий. Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, олон улсын нисэх буудал гээд өндөр эрсдэлтэй газруудаа тодорхойлж гар тээш шалгах, хүний биеийн рентген багажуудыг түлхүү ашиглаж байна. Ирэх жил Гаалийн ерөнхий газрын харьяа 18 газар, хороо болон 20 гаруй боомтыг тодорхой хэмжээнд хангах зорилт тавьсан.
Харин хил, гааль дээр хар тамхитай тэмцэхэд хамгийн гол тулгамдаж байгаа асуудал бол хууль эрхзүйн орчин байдаг. Хар тамхитай тэмцэх хэргийг харьяалан шалгаж байгаа тагнуул, цагдаагийн байгууллага Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэмт хэргийн шинжтэй сэжиг үндэслэл илэрсэн тохиолдолд хэрэг бүртгэх, мөрдөн шалгах, гүйцэтгэх ажлыг хэрэгжүүлдэг. Хар тамхитай холбоотой гэмт хэрэг маш нарийн, нууц далд аргаар зохион байгуулалттай үйлдэгддэг. Мөн мөнгө угаах, хүний наймаа зэрэг бусад гэмт хэргийн суурь гэмт хэргийн шалтгаан нөхцөл болох магадлалтай. Олон улсад ч ийм. Тиймээс хар тамхитай тэмцэхэд цагдаа, тагнуулын байгууллага шиг хуульчилсан эрх хэмжээг гаалийн байгууллагад олгож өгөх шаардлагатай. Бусад улс орон ялангуяа манай хоёр хөршийн хувьд гааль дотроо цагдаа, тагнуул шиг төрөлжсөн үйл ажиллагаа, тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг албад байдаг. Ингэж байж хар тамхины гэмт хэрэгтэй иж бүрэн тууштай, үр дүнтэй тэмцдэг олон улсын практик байдаг. Тэгэхгүй бол дотооддоо тагнуул, цагдаа мянга хэрэг илрүүлээд нэмэргүй. Хар тамхитай хил дээр тэмцэж байгаа гаалийн байгууллагын хүчин чадал эрхзүйн хувьд маш сул байна. Өөрөөр хэлбэл, хар тамхины гаднаас орж ирэх үүдийг бүрэн хэмжээнд шалгаж илрүүлж байна гэж хэлэхэд учир дутагдалтай болж байна.
Монгол Улсын Хилийн тухай хуульд зааснаар хилийн боомт дээр Хил хамгаалах байгууллага, гааль, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харьяатын байгууллага ажиллана гэж заасан. Эдгээрээс гаалийн байгууллага бол Үндэсний аюулгүй байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хар тамхитай тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Нэгэнт цагдаагийн байгууллага хил дээр очоод хилийн хяналтын бүсэд гаалийн байгууллагатай зэрэгцээд ажиллах боломжгүйгээс хойш хил дээр ажиллаж байгаа байгууллагуудаа чадавхижуулж, хууль эрхзүйн орчныг нь боловсронгуй болгоод өгчих хэрэгтэй. Энэ асуудлыг удаа дараалан тавьдаг ч дэмжлэг авах тал дээр тааруу байна.
–Яагаад дэмжлэг авахгүй байна вэ. Ямар хариулт ирдэг вэ?
-Гаалийн байгууллагад байсан хэрэг бүртгэлийг 2002 оны Эрүүгийн хуулиар халсан. 2015 оны Эрүүгийн хуулийн концепц ч мөн адил хэрэг бүртгэх, мөрдөн шалгах, гүйцэтгэх ажлыг зөвхөн цагдаа, тагнуулын байгууллагад харьяалуулахаар заасан байдаг. Тиймээс энэ чиг үүргийг буцаагаад гаалийн байгууллагад шилжүүлэх нь эрхзүйн хувьд ухарсан асуудал болно гэж үздэг. Гэхдээ миний бодлоор энэ бол цаг хугацааны л асуудал. Хар тамхины хэрэг дийлдэхээ больсон хойно араас нь хөөх үү, эсвэл угтуулаад цаг үеийг нь олж эрх хэмжээг нь гаалийн байгууллагад олгох уу гэдгийг бодох хэрэгтэй.
Бид Хуульзүй, дотоод хэргийн яамны дэргэд ажиллаж байгаа дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан хуулийн төслийн Ажлын хэсгүүдэд удаа дараа санал тавьж, протоколд тусгуулж байсан. Албан тоотоор ч мөн адил хүргүүлж байсан. Эхний шатандаа л дэмжигддэггүй. Дээр хэлсэнчлэн өмнөх хуулийн концепциос ухрах гээд байна. Хэрэг бүртгэх мөрдөн шалгах гүйцэтгэх ажлыг цагдаа, тагнуулын байгууллага хийнэ. Шаардлагатай тохиолдолд хил хамгаалах байгууллага хийх гэсэн зарчмаас ухрахгүй гэсэн ганц л хариултыг өгдөг юм. Эрхийг нь гаалийн байгууллагад өгөх юм бол хавтгайрсан юм болно гэсэн зүйл ярьдаг.
–Гаалийн байгууллагад эрх хэмжээ одоо яг яаж хязгаарлагдаад байна вэ. Эрх хэмжээг нь олгох юм бол хэрэг илрүүлэлтэд ямар бодит ахиц дэвшил гарах вэ?
-Цагдаа, гаалийн байцаагч хоёрыг харьцуулъя. Адилхан хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэнэ. Нэг нь улс орны нутаг дэвсгэр дээр, нөгөөх нь хилийн бүсэд тэмцэж байна. 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар цагдаагийн байгууллага гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж завдаж байгаа мэдээллийг хүлээж авах, бүртгэх, саатуулах , галт зэвсэг хэрэглэх зэрэг тодорхой нууц мөрдөн шалгах ажиллагаа хийдэг. Цагдаагийн байгууллагын хуульд хүртэл алба хаагчийн эрх үүргийг нь баталгаажуулж өгсөн байдаг. Гаалийн улсын байцаагчийн хувьд гэмт хэрэгтэй холбоотой хойшлуулшгүй үйл ажиллагаа хийх хэдхэн заалт бий. Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн сэжиг, үндэслэл илэрсэн тохиолдолд үзлэг хийнэ. Үүнийг нэгжлэг гэж ойлгож болохгүй. Зөвхөн тухайн хүний авч яваа эд зүйлд тодорхой хэмжээний хязгаарлалттайгаар үзлэг хийнэ. Хоёрдугаарт, шинжилгээнд хамруулах зорилгоор дээж хурууны хээ ул мөрийн хэв авч болно. Гуравдугаарт, гэрчээс мэдүүлэг авч, хэрэгт ач холбогдол бүхий эд мөрийн баримтыг түр хурааж авч, битүүмжилж болно гэсэн таван эрх, үүргийг хэрэгжүүлэхийг хуульчилсан байдаг. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны элементүүд явуулаад эхлэх юм бол процессын алдаа гаргасан гэж үзээд прокуророос хэргийг шилжүүлэх, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгоно. Тиймээс сэжиг үндэслэл илэрмэгц дээрх таван ажиллагааг хийгээд цагдаагийн байгууллагад шилжүүлдэг. Бид эрх үүргийг гаалийн бүх байцаагчдад хавтгайруулан авья гэхгүй. Яг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, хар тамхитай тэмцэх албанд энэ чиг үүргийг олговол зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн мэдээллийг боловсруулна. Мэдээлэл боловсруулна гэдэг тодорхой хэмжээний гүйцэтгэх ажил хийнэ, сэжиг бүхий этгээдүүдийн утсан харилцааг сонсож холбогдох ажиглалт хийх, нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулах зэргээр нарийн ажиллагаа их байдаг. Ингэж байж хар тамхи, нарийн зохион байгуулалттай хэргийг сүлжээгээр нь илрүүлж чадна. Мэдээж энэ бүх ажиллагаа прокурорын хяналтан дор явагддаг.
–Тухайлбал, бусад улс орны гаалийн байгууллага ямар эрх үүргийг хуваарилалттайгаар ажилладаг юм бол?
-ОХУ-ын Холбооны гаалийн албаны Контрабандтай тэмцэх ерөнхий газарт хар тамхитай тэмцэх хэлтэс гэж бий. Энэ хэлтсийн ажилтнууд дандаа гүйцэтгэх ажилтнууд байдаг. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын гаалийн цагдаагийн газарт дандаа цагдаагийн эрх мэдэлтэй хүмүүс ажилладаг. Ингэж л хар тамхи хил дамнан худалдаалах гэмт хэргийн сэжигтэн, холбогдогчдод албадлагын арга хэмжээ хэрэглэх, гүйцэтгэх ажил явуулах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хийх, тусгай ажиллагаа гүйцэтгэх, галт зэвсэг хэрэглэх зэрэг эрхийг чиг үүрэгтэй нь уялдуулан хуульчилж өгсөн байдаг. Энэ улс орнуудад хэрэг зөрчлийн мэдээ хэдэн мянгаар, илрүүлсэн хар тамхины хэмжээ тонноор яригддаг. Гэтэл манайх хил дээрээ иймэрхүү сул байдлаар ажиллах юм бол үр дүн муутай.
–Хар тамхи нэвтрүүлэх хэрэг улам нарийн зохион байгуулалттай болж байна гэлээ. Тоо баримт, сүүлийн үеийн онцлог байдлыг дурдахгүй юу?
-Сүүлийн үед хар тамхийг хилээр оруулж ирэхдээ өөрийн биеэр биш ачаа, дайвар тээш, карго, шуудан илгээмж ашиглах зэргээр улам нарийн зохион байгуулалттай болж байна. Гаалийн байгууллага 2010-2016 онд хар тамхи мансууруулах бодистой холбоотой 11 үйлдлийг таслан зогсоож, 9.4 кг бодис хурааж авсан. Үүний долоо орчим кг нь героин байсан. 2010-2013 онд Герионыг Зүүн хойд африкийн хар тамхины бүлэглэлүүдтэй холбоотойгоор Xятад руу тээвэрлэх гэж байсан урсгалыг Монголоор дамжуулах шинэ зам чиглэлийг гаргах бодлоготой үйл ажиллагаа байсныг таслан зогсоосон. Энэ мэдээллийг олон улс, бүс нутгийн гаалийн байгууллагаас авсан. Өмнө нь кг-аар илрүүлдэг байсан бодис сүүлдээ маш бага граммаар орж ирж байгаа нь мансуурлын үйлчилгээ, өртөг өндөр, хэмжээ бага, зөөж тээвэрлэхэд эрсдэл багатай болж хувирч байна. Өмнө нь ихэвчлэн байгалийн гаралтай олсны ургамал, героин тээвэрлэдэг байсан нь илрүүлэхэд харьцангуй хялбар байсан. Өөрөөр хэлбэл, тоног төхөөрөмж, рентген аппаратын хүчээр илрүүлж байсан. Чемоданд давхар хананд 5.4 кг героин тойруулж хийгээд Филиппинээс гараад Энэтхэг, Сөүлээр дамжаад Улаанбаатарт ирсэн тохиолдол байдаг. Гэтэл одоо бол 20-100 грамм хүртэлх хэмжээтэй метамфетамины төрлийн мөсний төрлийн бодисыг хаанаа ч нуух боломжтой. Замын-Үүдээр нэвтэрч байсан зорчигч үс, куртканы захандаа оёод оруулж ирж байгаа тохиолдолд зорчигчдын дундаас илрүүлдэг багаж дэлхий дээр байхгүй. Ер нь багажинд 100 хувь найддаггүй. Багаж техник гаалийн байцаагчдын туслах зориулалтаар ашиглагддаг. Харин гаалийн байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлийн менежмент тооцож, хяналтаа зөв онилох, чиглүүлэх, тухайн зорчигчийг үр дүнтэй шалгах аргачлал бий. Нөгөө талаас гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхийн тулд тодорхой хэмжээний эрх хэмжээг хуульчилж авъя гэж байгаа юм. Үүний цаадах шинжлэх ухааны системчилсэн арга ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлж байж үр дүнд хүрнэ. 2017 онд гаалийн байгууллагын хэмжээнд 12 холбогдогчтой есөн удаагийн үйлдэлд холбогдох 206 грамм мөс, 200 ширхэг ЛСД байж болзошгүй бодисыг илрүүлсэн. Шинэ төрлийн сэтгэц нөлөөт бодис 39 грамм, Анданте 112 капсулыг илрүүлж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Анданте гэж 2015 онд Монгол Улсын эмийн бүртгэлээс хасагдсан сэтгэцэтэд нөлөөт эм байдаг. Он гараад хоёр удаагийн тохиолдлоор хилийн боомтоор ачаанд хийж нэвтрүүлэх гэж байсан 30 грамм мөс, АНУ-аас захидал дотор хийж явуулсан каннабисын тосыг илрүүлж шалгаж байна.
–Өнгөрсөн жил Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсан. Хөтөлбөрийн хүрээнд гаалийн байгууллага юу хийв, хэдэн төгрөгийн санхүүжилт тавигдав ?
-Засгийн газрын 77-дугаар тогтоолоор батлагдсан Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгдүгээр шатны төлөвлөгөөний хүрээнд 2020 он хүртэлх ажлын хүрээнд гаалийн байгууллагад хар тамхитай тэмцэх чиглэлийн алба байгуулагдсан. Өмнө нь хар тамхитай тэмцэх хуульчилсан чиг үүргийг Гаалийн ерөнхий газрын хэмжээнд ганц хоёр хүн хариуцаж харьяа газар, хороодоо бодлого удирдамжаар хангаад явахад хүрэлцээ муу байсан. Шинэ алба байгуулагдаад хийж хэрэгжүүлсэн нэг ажил бол гаалийн байгууллагын бодлого, стратегийг боловсруулах хүрээнд ирэх оны төсвийн төсөлд тодорхой үүрэгтэй оролцлоо. Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газрын харьяа газар хороо, хилийн боомтуудыг мансууруулах бодис, тэсэрч дэлбэрэх бодисыг өндөр хэмжээнд шуурхай илрүүлэх хүний бие, эд зүйлээс арчдас авч мансууруулах болон тэсрэх бодисыг хэдхэн секундэд тодорхойлох хагас зөөврийн багаж, 415, 2500 нэр төрлийн бодис хар тамхи, угтвар бодис таньж илрүүлэх төхөөрөмж, 27 төрлийн 27 мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис таних нэг удаагийн тестерээр хангах. Мөн ашиглахад харьцангуй хялбар дэд бүтэц муутай алслагдсан хилийн боомтуудад ашиглах зөөврийн гар багаж, төхөөрөмжөөр хангах зорилт тавьсан. Төсвийн төсөлд хар тамхи мансууруулах бодистой холбоотой тоног төхөөрөмжийн шинэчлэлд 3.2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг суулгаж өгсөн. Гаалийн байгууллагын албан хаагчдыг сургаж мэргэшүүлж байна. Энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдаад хэрэгжилт нь 80 хувьтай байна. 2018 онд гаалийн байгууллагын төсвийн хүрээнд үйл ажиллагаа явагдаж байна.