Юу үнэн. Тэр үнэн гэгчээр замын түгжрэлд гацахгүй өнждөг нэг ч өдөр бидэнд байдаггүй. Арван минут алхах газар арав хорин цаг түгжирдэг болсон нь гашуун үнэн юм. Тэгвэл та энэ хугацаанд юу амжуулдаг вэ?
Нэгэн байгууллагын захиралд өдрийн ажлыг нь танилцуулж байна гэнэ. Та энэ ажлын төсөв, төлөвлөгөөг нэг хараад өгөөч. Аан за түгжрэлд. Та энэ бичиг баримтуудтай танилцаад гарын үсгээ зураад өгөөч. Аан за түгжрэлд. Та тэр компанийн тэрэнтэй тэдэн цагт утсаар ярихаар товлосон. Аан за түгжрэлд.
Браво. Энэ захирал бол түгжрэлийг өөрт ашигтайгаар эргүүлж чадаж байна. Харин та яадаг вэ? Эмэгтэйчүүд голдуу нүүрээ будаж байгаа харагддаг. Тэр ч байтугай хумсаа будаад хатаагаад амжчихаж байгаа юм. Харин эрчүүд хуруундаа тамхи салаавчилчихаад зэрэгцэн зогсох машинуудыг сонжиж, өөрийнхтэйгээ харьцуулж, ирээдүйд авах машинаа төсөөлж суудаг гэмээр. Зарим овсгоотой нь дэргэдэх машиныхаа хүүхнийг найрч, таксинд явдаг бол дэлхийн болон эх орны улс төр эдийн засгийн нөхцөл байдал, өөрийн болон хаа хамаагүй хүмүүсийн гурван үеийн намтрыг ярих энүүхэнд.
Хайран ч цаг хугацаа. Бид энэ дэлхий дээр хугацаагүй ирсэн мэт л амьдардгийн нэг жишээ энэ. Тэгвэл бид яагаад түгжрэлийг ашиглаад “тархины түгжрэл”-ээ тайлж болохгүй гэж.
Нэг байтугай нилээн хэдэн арван англи үг цээжилж болж байна. Англи хэл дээр нэвтрүүлгээ цацдаг дэлхийн томоохон агентлагуудын долгионыг тааруулчихвал чихнийхээ бөглөөг онгойлгоод зогсохгүй, дуудлага тань засарна. Эсвэл бизнест тань хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл өгдөг, төсөөлөн бодох ур чадварыг тань хөгжүүлэх зорилготой нэвтрүүлэг бэлддэг, гэр бүлийн тань халуун дулаан уур амьсгалыг хадгалж үлдэх зорилготой төрөлжсөн нэвтрүүлэг цацдаг богино долгионы радио дээр сувгаа тааруулчих.
Мөн дэлхийн талыг эзэгнэж явсан өвөг дээдсийнхээ агуу түүхийг сонсож, тэднээс суралцаж яагаад болохгүй гэж. Нэг үеэ бодвол сонсдог ном олон болсон. Уншиж амждаггүй зузаан романуудаа сонсонгоо, нүүрээ будаж яагаад болохгүй гэж. Бүсгүйчүүд минь.
Нэг ёсондоо түгжрэлд стрессдэн, бухимдаж байхын оронд тухайн цаг хугацаагаа, хэрхэн үр ашигтай өнгөрүүлэхээ та бид урьдчилан бодох цаг болжээ. Зорилгоо тодорхой болгочихоод, жаахан бэлтгэл хангачихад л өөрийгөө хөгжүүлэх цаг хугацааг өөртөө олголоо гэсэн үг.
Нутаг нуга, уул ус, бүтсэн бүтээгүй хайр дурлалын дуу сонсож сууснаас өөрийгөө бага ч болтугай хөгжүүлээд авахад яагаад болохгүй гэж. Мэдээж машин тань энэ боломжийг танд олгох радиотой, цаашлаад DVD тоглуулагчтай бол тун сайн. Машины зориулалтын бус хөгжим шаржигнаж паржигнаад хэцүү байдаг шүү дээ. Тиймээс л зориулалтын байвал тун сайн юм.
Зарим жолооч түгжрэлд даарч бээрэн тух алдан суудаг. Дулаацах санаатай халуунаар үлээлгэх гэхээр жавар өвөө даажигнах мэт хажууд суучихдаг ч үе бий. Энд тэнд тэр байтугай замын голд унтарч, түлхүүлж, чирүүлээд нүүр хийх газаргүй болгодог машин ч бий. Ядахад дараа нь хэн нэгэн нь харчихсан, ирж туслаагүй хирнээ даапаалж шоолох нь энүүхэнд байдаг шүү дээ.
Машинаасаа болж бухимдаж, сэтгэл санаагаар унаж байхаар зохих оношилгоо, засвар үйлчилгээгээ хийлгэчихсэн найдвартай машин л анхнаасаа худалдаж авмаар байгаа юм л даа. Үр хүүхдээ хичээл сургууль, дамжаанд зөөдөг бол машиныхаа аюулгүй байдлыг бүхнээс дээгүүрт тавих нь хамгийн зөв юм.
За тэгээд хэдэн цаг машин бариад ирэхээр цагаан мах эргэх гээд эрүүл мэндийн асуудал ч үүсээд эхэлдэг. Харин таны тав тухыг бодолцсон, энд тэндээсээ орж гарч, стандартаа алдаагүй машин ийм эрсдэлийг бууруулдгийг эрдэмтэд тогтоожээ.
Юу үнэн, тэр үнэн гэгчээр нэгэнт л өөрчилж чадахгүй хэдэн арван цагийн түгжрэлд гиюүрч суух болсон өнөө үед та банкны аятайхан нөхцөлөөр тав тухтай бас найдвартай машинтай болоод алт мэт үнэт цагийг өөрийгөө хөгжүүлэхэд зориулаарай. Танд амжилт хүсье.