Рубль-Юанийн тооцоог цуцлав
Ердөө сар гаруйхны өмнө дөө. Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад БНХАУ-ын төрийн тэргүүн оролцоод дөнгөж буцсаны бараг маргааш нь Оросын эсрэг санкцад Хятад нэгдлээ гэсэн бухимдал, зэмлэл Москвагаас гэнэт цуурайтлаа. Владивостокт эдийн засгийн форум амжилттай зохион байгуулж, тэр үеэр ОХУ нь бусад гадаад улс орнууд, гадаадын компаниудтай олон тэрбум рублийн гэрээ, хэлцэл хийлээ хэмээн оросын хэвлэл мэдээллээр дуулиантай сурталчилж байсныг тэр дор нь гутаав уу гэлтэй алхам Хятадын талаас хийсэн болж таарав. Юу гэвэл Оросын төв банкнаас Хятадад суугаа төлөөлөгчийн газрын тэргүүн Владимир Данилов гэдэг нөхөр тэр тухай ярихдаа АНУ, Европын холбооноос оросын эсрэг тавьсан санкцаас шалтгаалан Оросын компаниудтай тогтоосон мөнгө шилжүүлэх хэлэлцээрээсээ Хятадын банкууд татгалзлаа гэв. Түүний хэлснээс үзвэл Оросын төв банк, Хятадын ардын банк хүчин чармайлт тавьж байгаа ч Хятадын арилжааны банкууд Оростой “bank transaction” буюу банкны гүйлгээний шилжүүлэг шууд хийхгүй болж таарчээ.
Бүр тодруулбал, Оросын эсрэг хоригт нэр заагдсан хувь хүн, компани, аж ахуйн нэгжтэй рубльюанийн шууд гүйлгээ хийхгүй, харин америкийн банкуудаар дамжуулан ам.доллараар тооцоо хийе гэсэн тулгалт хийжээ. Хятадын банкууд ийм арга хэмжээ авахдаа Европын холбоо, АНУ-ын хоригийг эшлэж, Оросын банкуудад үйлчилгээ үзүүлэх үндэслэл алга байна гэж хариу өчсөн ба Хятадад ийм алхам хийснээр Хятад дахь Оросын бизнес эргэлзээтэй байдалд хүрэх магадлалтай, ерөөсөө орост хохиролтой болж дуусах аж. Үнэндээ ч хохиролтой байх нь аргагүй. Өмнө нь үндэсний хоёр валют болох рубль, юаниараа транзакц хийж болоод байсан, мэдээж тэдгээрийн ихэнх хэсэг нь долларжиж хадгалагддаг. Гэтэл АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын туслах Маниша Сингх гэдэг хүн Оросын эсрэг дахин шинээр пакет санкц тавина хэмээн зарламагц Хятадын банкууд өлгөн авч тийм шийдвэр гаргасанд, тэр тусмаа уг шийдвэрээ химийн зэвсэг Британид хэрэглэлээ гэх Орост тохсон ялын дараах санкцтай холбогдуулж гаргаж байгаад нь Москвад үнэхээр гомдолтой байсан, одоо тэр гомдол бүр даамжирчээ.
Энд мэдээж улс төрийн агуулга байхгүй хэмээн Хятадын талаас нотолно. Цаг үе нь тэгж давхцав уу, эсвэл Хятадын зүгээс Орос руу хандуулж ямар нэгэн мессеж өгч байгаа нь тэр үү гэдэгт яаран дүгнэлт хийлтгүй. Монгол руугаа татаж авчран бас нэг тайлбар хийе. Владивостокт манай дарга нарын тохиролцоод ирсэн, ОХУ-ын Сангийн яамнаас өндөр шаардлага тавьж буй 100 тэрбум рублийн зээлийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэж, цаг нартай өрсөлдөж УБТЗ-аа шинэчлэхгүй бол тэрхүү олон тэрбум рубль чинь АНУ-аас тавих дараалсан санкцын гайгаар, бас Хятадууд Оросын мөнгийг үл хэрэгсэх зам руу эргэлтгүй орж байгаа энэ цаг үед ердөө л “овоолгоотой цаас” болж хувирвал яах вэ? Хятадын арилжааны зарим банк рубль-юанийн төлбөр тооцоог зогсоочихоод байгаа нь монголд огт падгүй гэж үү? Энэ талаар монголын шийдвэр гаргагчид, банк санхүүгийнхэн яагаад таг чиг байна вэ? манай улсын их өр 30 тэрбум ам.доллар руу дөхсөн. 100 тэрбум рубль зээлдүүлэх гэж байгаа хөрш маань нөгөө хөршдөө бас өртэй.
Рубль нь юаньд хаягдчихлаа. АНУ ба өрнөдийн зүгээс санкц тавиулсаар удаж буй нөхцөлд Монгол-Оросын эдийн засгийн бодит хамтын ажиллагаа, тэр дундаа гурван улсын эдийн засгийн коридорын хувь заяа юу болох бол, яаж өрнөх бол гэдэгт монголын төр засаг, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид давхар тооцоолж байхгүй бол болохгүй цаг үе бидэнд тулгарах юм биш биз? рублийн тухай сэдэвтээ эргэж оръё. Оросын эдийн засагч Владимир Левченко гэдэг нөхөр бүр аюумшигт прогноз хийгээдэхлээ. 2019 оны хавар гэхэд нэг ам.долларын ханш 140 рубльд хүрч өснө гэсэн мэргэ төлөг хийжээ. Манайхан дотроо будилж, цэцэрхэж, бас биенээ хардсаар суугаад ирэх оныг хүргэчихвэл нөгөө 100 тэрбум рубль чинь ханшийн өсөлтийн энэ хайчинд тас цохиулбал яана гэхээс дотор эвгүйцмээр. Левченкогийн ярьснаар Оросын үндэсний валют сулрах шатандаа орох нь гайхмаар үзэгдэл биш аж. Өнөөгийн оросын эдийн засгийн бүтцийг өөрчлөхгүй л бол рубль унаад байх ёстой юм гэнэ. “Валют сулрах шат” ноцтой, удаан үргэлжилнэ. Тэр уналт одоо эхлээд явж байгаа, долоон сар үргэлжлээд 140 рүү дөхнө хэмээн Левченко лүндэгдэв.
2014 он Орос-Хятадын харилцааны шийдвэрлэх жил байжээ
Харин Оросын Сангийн дэд сайд Владимир Колычев муу ёрлосон Левченког няцаажээ. 2018 оны сүүлч гэхэд рублийн сулралд цэг тавьчихна. Сулраад байсан нь дэлхийн зах зээлийн савлагаанаас болсон, тэр савлагаа оны төгсгөлд тогтворжино гэв. Мөн Игорь Ковалев гэж шинжээч рублийн “тэсвэр”-ийг тэмдэглэжээ. Газрын тосны үнэ багаслаа гэнэ. Энэ бол хөгжиж буй орнуудын зах зээлд байдаг л үзэгдэл. Орост тулгарсан болохоос рубль чадваргүйдээ унаад байгаа юм биш гэж тэр яриад бүтэлгүй гэмээр нэг санал гаргажээ. Долларыг л сайн худалдаад бай. Долларыг хүчтэй, нэр хүндтэй байлгаж болохгүй. Тэгвэл ойрын үед ам.долларыг 69 рублиэс өсгөхгүй байж болно. Ерөөсөө 68.50 байлгаад байхад боллоо гэснийг бас нэг шинжээч Владислав Антонов дэмжжээ. Хөрөнгө оруулагчид Оросын дотоод байдлаас түгшээд байгаа юм биш. АНУ-аас Хятад, Канадтай хийж буй худалдааны хэрүүлээс түгшиж байна. АНУ, Британи Оросын эсрэг санкцаа чангарууллаа гэхэд долларын ханшийг үсрээд 80.12 рубль хүргэнэ. Үүнийг тэсч гарч чадна хэмээн тэрбээр ярьжээ.
Сергей Козловский гэж өөр нэг шинжээч үнэнд ойрхон таамаг дэвшүүлсэн байж болно. Оросын санхүүгийн зах зээл шинэ санкцаас болоод хүчтэй дарамтанд байна. Ерөөсөө хөгжиж буй зах зээлүүдээс капитал маш хүчтэй гадагшилж байна гээд Оросын зах зээлийг хөгжиж буй орны гэсэн нь анхаарал татахаар дүгнэлт юм. Үүнтэй холбоотой, нийтлэлийн эхний хэсэгт хөндсөн асуудал тун ноцтой. Оросын санхүү ийнхүү савлагаатай байгаагаас шалтгаалан Бээжин их тоглоомдоо Москваг хөзрийн карт болгон ашиглаж буй тухай Орос судлаач Сергей Шелин гэдэг хүн хилэгнэн бичсэнийг энд сануулах нь зөв байх. Хэрэв Хятад-Америкийн харилцааны зохицуулалт гэж Бээжинд байдаг бол Оростой тогтоосон найрамдал гэдэг нь төв байрыг эзлэхгүй, зүгээр л Орос бол хөзрийн карт юм. Орос ч өөрийгөө изоляцад оруулж дууслаа, Хятад ч түүн дээр нь гайхамшигтай тоглолт хийж байна хэмээн тэрбээр бичжээ. Шелиний гаргаж ирсэн тоо баримт анхаарал татна.
2017 оноор авчээ. ДНБ-ийг нь худалдан авах чадвартай нь тооцоолоод гаргаад иртэл Хятад $23.2 их наяд, Америк $19.4 их наяд, Орос $4 их наяд гэсэн байх юм. Хятадын эдийн засаг нь Оросынхоос зургаа дахин том, харьцдаг ханшаараа мөнгөн дүнгээр найм дахин том ($12 ба $1.5 их наяд), холбоотон хоёр улс гэхэд даан ч тэнцвэр алга хэмээн шелин халаглан бичсэн байх юм. Хятад-Америкийн худалдааны тухай шинэхэн тоо баримт ($600 тэрбум) байна. 2017 онд Орос-Хятадын худалдааны үзүүлэлтээс долоо дахин давжээ. Оростой хийж буй худалдаандаа Америкийг залхааж, Оросоос түлхүү авна, АНУ-аас занарын нефть авахгүй, Оросоос нефть импортоо нэмэгдүүлнэ хэмээн Бээжинд ярьдаг ч цагаа тулахаар худлаа, цаагуураа АНУ-тай худалдааны нягт сүлбээтэй гэсэн нь үнэний ортой байж болно. Бараг ч үнэн л дээ. Оросуудын хүссэнээр Хятадын зах зээл Оросын хувьд гол зах зээл нь болж чаддаггүй. 2018 оны эхний хагас жилээр аваад үзэхэд Орос-Хятадын худалдааны эргэлт Хятадын зах зээлд 15.2 хувь эзэлж, тэр нь $50 тэрбум гарсан бол Европын холбооны эзлэх жин 43.8 хувь ($144 тэрбум) болж, хойшдоо ч Хятад зах зээлийн энэхүү харьцаагаа барьж байх сонирхолтой ажээ. Шелин цэргийн зардлын тоон харьцуулалт хийн эх орноо баалж, Хятадыг хардсан байна. 2017 онд Хятадын цэргийн зардал Оросынхоос гурав дахин давж, $228 тэрбумыг харьцах нь $66 тэрбум болжээ.
Шелин ингэж бичихдээ эрх баригчдадаа хандаж “Хүнд бэрх цагт Хятадууд тусламжийн гараа сунгана хэмээн Кремль итгэсээр. Манай телевиз үзэгчид Хятад, Орос хоёр сайн найзууд, тэр ч бүү хэл холбоотнууд гэж боддог байх. Саяхан болтол тийм байгаагүйг тооцдоггүй” гээд бүр ч ноцтой анхааруулга өгчээ. Юу гэвэл төв ази дахь хуучин Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудыг БНХАУ аж ахуйн эргүүлэгтээ татан оруулж, тив дамнасан тээврийн сүлжээ болох шинэ торгоны замаа бүтээн босгож, түүндээ хэд хэдэн бага түншийнхээ нэгээр Оросыг санал болгож байгааг дурджээ. Шелиний үзэж байгаагаар 2014 он Орос-Хятадын харилцааны шийдвэрлэх жил, цэрэг-улс төрийн холбоо байгуулах зааг үе байжээ. Гэтэл түүнийг нь Хятад хатуу няцаасан, Хятад нь “нэг талын хандлага, протекционизм” гэдгээр нэр хаяггүй хэн нэгэн этгээдийг шүүмжлээд байхаас Оросуудын хүссэнээр тэр нь АНУ мөн хэмээн огт нэрлэхгүй байна. Дүгнэвээс хэдийгээр Орос нь түүхий эд, газрын тос, байгалийн хий, зэвсэг, зэвсэглэлээр дэлхийд гайхшируулахаар худалдаа эрхэлдэг гэдэг ч экспортолдог хэмжээгээр өмнүүрээ дэлхийн гүрнүүдийг биш юм аа гэхэд Нидерланд, Өмнөд Солонгос,Бельги, бүр жижиг Хонконг, Сингапурыг оруулчихсан, араасаа Швейцарь, Тайваньд гүйцэгдэхээр яваа нь ямар нэг нэмэлт тайлбаргүйгээр Орос хэн бэ гэдгийг өнөөд цагт хэлээд өгчихсөн байж болно.
Ерөөс Орос орон сүүлийн жилүүдэд нефтийн хямрал, рублийн уналт, өрнөдийнхний санкц гээд юм юм л үзлээ. Оросын эдийн засаг сэхэх үү, мөхөх үү гэдгийн ирмэг дээр байнга байж, цохилт их амслаа. Эдийн засаг унаж, экспорт, гадаад хуримтлал багасч, доллартай харьцах рубль девальвацад орж, эдийн засгийн хямрал дараална. Орост инфляц байсаар байна. Худалдаа хумигдлаа. Капитал гадагшилж, макро эдийн засгийн таагүй үзүүлэлтүүд микро эдийн засагтаа нөлөөлж эхэллээ. Хятадын нэг хэвлэлд бичсэнээр бол Оросын эдийн засаг буланд шахагдсан араатан шиг байна. СССР нурснаас хойших хамгийн хүнд эдийн засгийн хямралтай тулгарлаа. Хятад ийм нөхцөлд Орост 400 тэрбум рублийн зээл олгоно. Москва-Казанийн хурдны төмөр зам тавихад тэр зээл зориулагдана. Тэр зам Орост анхных нь хурдны зам болно. Шингэрүүлсэн хий үйлдвэрлэхэд нь зориулж Хятадын Экспорт импортын банк, Хятадын хөгжлийн төрийн банк 93 тэрбум евро, 9.8 тэрбум юанийн зээл олгоно. Мөн алс дорнодод хөдөө аж ахуйн төсөл хэрэгжүүлэхэд зээл олгох Хятадын хөрөнгө оруулалттай банк ажиллана. Хятадын тусламжгүйгээр Оросын эдийн засаг ийм дээрээ туллаа гэсэн санаагаар Хятадын хоёр ч сайтад биччихсэн мэдээллийг хөрвүүлэхэд ийм байна.