Бэлчээрт идээшлэж явсан хоёр үхрийг нядалсан этгээдийг илрүүлжээ
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Шувуун фабрикийн ойролцоо бэлчээрт идээшилж явсан үхрийг нядалж, гэдэс дотрыг нь Туул гол руу урсгаж, махыг нь машинд ачиж байсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагын алба хаагчид үйлдэл дээр нь барьж, илрүүлжээ.
Үхэр нядалсан сэжигтэн этгээд мэдүүлэгтээ “Мөнхбат гэж хүн намайг дагуулж авчраад энд хоёр үхэр төхөөрсөн. Гэдэс дотрыг нь ус руу хийчихсэн. Бид гурвуулаа байсан. Махыг нь цагдаад хураалгасан. Мөнхбатын машин эвдэрсэн мөнгө хэрэгтэй байна гээд байхаар нь ийм ажил хийсэн. Энэ ажлыг сэдсэн Мөнхбат хоригдсан байгаа” гэв.
Өвөл болохоор малын хулгай ихэсдэг байна. Яагаад гэвэл идэшний улирал учраас малын хулгайч нар хулгайгаар мал нядалж махыг нь бусдад зарах тохиолдол гаргасаар байдаг. Тиймээс малчдыг бэлчээрт яваа малаа анхааралтай харж, хариулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.