Өрхийн худалдан авах чадвар ахин муудахаас шинэ бонд сэргийллээ
Ам.доллартай харьцах төгрөгийн ханшийн сулрал төрийн ордонд багагүй маргаан дагуулж байгаа энэ үед хөгжлийн банк Засгийн газрын баталгаагүй бондыг олон улсын зах зээлд анх удаа арилжаалсан. Долоо хоногийн өмнөх энэхүү үйл явдалтай зэрэгцээд төгрөгтэй харьцах ам.долларын ханш ялимгүй тогтворжиж, Монголбанкны зарласан албан ханшаар даваа гарагт 2564 төгрөгтэй тэнцлээ. Ирэх жилийн мөнгөний бодлогын төслийг УИХ-аар хэлэлцэх цагаар ам.долларын ханш ийнхүү чангарсан явдал эдийн засагт хамгийн эмзэг сэдэв болж буй. Ялангуяа, бизнесийн орчинд ханш хамаг төлөвлөгөөг орвонгоор нь эргүүлж мэдэх эрсдэлийн эхэнд нь бичигдэх боллоо. Өрхийн зардлыг тэлж, улсын өрийн дарамтыг улам нэмэгдүүлэх ам.долларын ханшаа тогтоон барих гэж төв банк энэ оны туршид валютын нөөцөөсөө 750 гаруй сая ам.доллар зах зээлд нийлүүлжээ. Ханшийг тогтвортой байлгах нь Монголбанкнаас илүүтэй Засгийн газрын үүрэг, оролцоо их шаарддаг.
Энэ үүргээ гүйцэтгэх засаглал хэрхэн биелүүлж, экспортоо нэмэгдүүлж, орлогоо төрөлжүүлж чадаж байгаа эсэхээс ам.долларын ханш мөн хамаарна. Монгол улсын гадаад валютын улсын албан нөөцийг дунд хугацаанд буюу ирэх жил 12 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээнд хүргэхээр мөнгөний бодлогын шинэ төсөлд суулгасан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үзэл баримтлалд хүртэл ингэж тусгасан. Тэгвэл өнөөдрийн байдлаар төгрөгийн баталгаа, эдийн засгийн тусгаар байдлыг илтгэх улсын гадаад валютын нөөц гурав орчим тэрбум ам.доллартай дүйж байна. Үүнийг зузаатгах хүсэлтэй Монголбанк Засгийн газрын баталгаагүй, хөгжлийн банкны босгосон 500 сая ам.долларыг ихээхэн олзуурхаж сууна. Энэ мөнгө манай улсын гадаад валютын улсын нөөцөд учрах байсан дарамтыг тодорхой хэмжээгээр бууруулна гэж төв банкны Ерөнхийлөгч тодотгосон юм. Уг бондын 500 сая ам.доллар өнөөдөр Монголын эдийн засагт орж ирнэ. Өнөөдөр энэ талаар хөгжлийн банкнаас хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өгөхөөр болжээ.
Шинэ бондын 500 сая ам.доллар өнөөдөр Монголын эдийн засагт орж ирнэ
Ирэх оны босгыг даваад 380 орчим сая ам.долларын өр биднийг угтаж байгаа. Үүнийг дарах үүднээс хөгжлийн банк бонд гаргасан нь төгрөгийн ханш тогтворжих үүдийг нээжээ. Хэрэв 500 сая ам.долларын бонд олон улсад гаргаагүй бол дээрх хэмжээний валют манай эдийн засгаас гадагшилна гэсэн үг. Хугацаа тулсан өр төлбөрөө барагдуулах санхүүгийн эх үүсвэртэй болсноор валютын нөөц рүү гар дүрэхгүй болж байна. Харин ч өрөө барагдуулаад, цаана нь 120 орчим сая ам.доллараар валютын нөөцөө ахиулахаар боллоо. Хэрэв оны дараа валютын нөөцөөсөө 380 сая ам.доллараар өрөө барагдуулсан бол ханш ахиад л дээшээ цойлох байсан нь дамжиггүй. Харин энэ эрсдэлийг хааж чадсанаар шинэ жил, цагаан сар гээд импортын өсөлт эрчимждэг цагаар төгрөгийн ханш ахин сулрах дарамтыг бууруулж байгаа юм.
Олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 4.1 тэрбум ам.долларын бонд худалдан авах санал ирсэн нь зээлжих зэрэглэл сайжирч, гадаад санхүүжилтийн зардал буурч байгааг харуулсан. Мөн хөрөнгө оруулалт цаашид нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлсэнгэдгийг Сангийн яамны төлөөлөл хэлж байна. Хөгжлийн банкны санал болгосон хэмжээнээс найм дахин их захиалга ирсэн нь Монголыг тоох хөрөнгө оруулагчдын итгэл дахин сэргэж байгааг нэг талаар нотлох аж. Шинэ бонд эдийн засагт богино хугацаанд илүү үр нөлөөгөө өгч, төгрөгийн ханшийн уналтыг царцаагаад байна. Нөгөө талдаа Монгол улсын гадаад өрийн хэмжээ нэмэгдсээр. Манай улстай ойролцоо эдийн засагтай, зарим нь илүү өндөр хөгжилтэй орнуудад үндэсний мөнгөн тэмдэгт нь ам.долларын эсрэг сулрах үзэгдэл үргэлжилсээр байна. АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны сөргөлдөөн ч ханшийг улам “сэвэх” шинжтэй.
Тэрчлэн дэлхийн тэргүүлэх эдийн засгийн сэргэлт, Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ чангаруулах болсон нь ам.долларын “амбийц”-ийг илүү тодотгох болсон. Судалгаанаас харахад, 142 орны валютын ханш ам.долларын эсрэг суларчихаад байна. Уул уурхайгаас хамааралтай боловч илүү төрөлжсөн эдийн засагтай орнуудад хүртэл энэ үзэгдэл ажиглагдах боллоо. Ийм үед шинэ бонд гарсан. Үүний нөлөө төгрөгийн ханш ам.долларын эсрэг дахин сулрахаас сэргийлж, иргэдийн худалдан авах чадвар буурахаас хамгаалсан гэж зарим эдийн засагч үзэж байна. Дэлхий нийтээр ам.долларын нийлүүлэлт багасч байгаа энэ үед 500 сая ам.доллар зовж олсон мөнгө гэвэл онох биз ээ. Эдийн засгийн амьдралын 50 орчим хувь нь гадаад зах зээлээс хамааралтай манай улсын хувьд ам.долларын ханш тогтвортой байх эсэхээс өрхийн амьжиргаа шалтгаалж байна.
Валютын нөөцөд ирэх дарамтыг багасгаж байна
Н.Баяртсайхан /Монголбанкны Ерөнхийлөгч/
-Энэ бол ямар нэгэн Засгийн газрын баталгаагүйгээр хөгжлийн банк өөрөө явж босгосон мөнгө гэж үзэхээр Монголбанкны зүгээс амжилт гэж харж байгаа. Хугацаа тулсан өр төлбөрөө барагдуулах санхүүгийн эх үүсвэртэй болж байгаа нь Монгол улсын гадаад валютын нөөцөд ирэх дарамтыг багасгаж байна.
Хөрөнгө оруулагчдын өмнө үүрэг, хариуцлага нэмэгдэнэ
Ч.Хашчулуун /Эдийн засагч/
-Засгийн газрын баталгаагүй бонд гаргана гэдэг хөгжлийн банк олон улсад итгэл хүлээж, тэр хэрээр хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд эргэж ирсэн гэдгийг харуулж байна. Ам.долларын ханш чангарч, дэлхийн улс орнуудад ихээхэн сорилт болж байгаа энэ амаргүй үед бага зардлаар 500 орчим сая ам.доллар босгосон нь хувьдаа амжилт. Хөрөнгө оруулагчдын өмнө үүрэг, хариуцлага нэмэгдэж байна.