УИХ-ын дарга өөрт нь хамаарах асуудлаар ээлжит бус чуулган зарлахгүй байх нь зөв эсэхийг цэц шүүнэ
УИХ-ын хаврын чуулган завсарласны дараа нэр бүхий 26 гишүүн “60 тэрбум”-ын асуудлаар ээлжит бус чуулган зарлахыг дэмжиж, гарын үсэг зуран, УИХ-ын дарга М.Энхболдод хүсэлт хүргүүлсэн байдаг. Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга уг асуудлыг анхааран үзэж, ээлжит бус чуулган зарлахад анхаарч ажиллах талаарх албан тоотыг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн билээ.
Харин УИХ-ын дарга М.Энхболд “60 тэрбум”-ын асуудлаар нийтийн сонсгол хийх шаардлагатай эсэх асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд “Хуралдаж, шийд өг” гэсэн чиглэл өгсөн. Гэвч байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Энэ асуудлаар нийтийн сонсгол хийх шаардлагагүй гэсэн бичиг прокурорын байгууллагаас ирсэн” гэсэн тайлбар өгч байв. Ийнхүү өнгөрсөн зун ээлжит бус чуулган зарлагдалгүй өнгөрсөн билээ. Энэ нь УИХ-ын тухай хуулийн:
-16.2. Ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар хуралдуулна.
-16.4. Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг товлон захирамж гаргана гэсэн заалтуудыг зөрчсөн.
Уг зөрчил нь Үндсэн хуулийн
Нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэг: -Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, мөн хэд хэдэн заалт зөрчиж байна гэж мэргэжлийн хүрээнийхэн үзэж буй юм.
Дээрх үндэслэлээр УИХ-ын дарга М.Энхболдыг өөрт нь хамаарах асуудлыг хэлэлцэх ёстой ээлжит бус чуулганыг зориуд зарлан хуралдуулаагүй. Үндсэн хуулийн зөрчил үүсгэсэн гэж дүгнэж, УИХ-ын гишүүнд Л.Болд цэцэд хандсан байна.
Л.Болд гишүүн иргэний хувиар цэцэд өргөдөл өгсөн учраас холбогдох журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэхээр хүлээгдэж буй юм. Мөн уг асуудлаар таван иргэн цэцэд гомдол гаргажээ.
Өөрөөр хэлбэл, Цэцийн дунд суудлын хуралдаанаас УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулган зарлаагүй нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоож, дүгнэлтээ УИХ-д танилцуулна гэсэн үг. УИХ-аар дүгнэлтийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн үг билээ.
Уг асуудлаар Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаад буй Л.Болд гишүүнээс тодрууллаа.
-УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулган зарлаагүй нь Үндсэн хууль зөрчсөн үү?
-Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлтөөр УИХ-ын чуулганы үргэлжлэх хугацааг багасгасан. Ингэхдээ чуулганы хугацаанд амжаагүй асуудлуудаа ээлжит бус чуулганаар хэлэлцэж болохоор зохицуулалт хийж өгсөн байдаг. Ер нь чуулганы төгсгөлд амжиж хэлэлцэгдээгүй, хүлээлтэд орсон олон чухал асуудлууд үлддэг. Тиймээс ч өнгөрсөн парламентын үед УИХ ээлжит бусаар арваад удаа хуралдаж байв. Энэ парламент ээлжит бус чуулган зарлан хуралдуулахгүй байна. Парламент ажиллагаагүй, нөлөөгүй байдал руу орлоо. Энэ асуудлыг эргэж харах цаг нь болсон.
УИХ-ын дарга нь парламентын өдөр тутмын ажлыг удирдан явуулах өндөр үүрэг хариуцлага хүлээсэн чухал албан тушаал. Өөрөө ээлжит бус чуулган хуралдуулах асуудлыг санаачлахгүй байж болно. Гэтэл УИХ-ын гишүүд санаачилж, хүсэлтээ хүргүүлээд байхад зарлаагүй. Ерөнхийлөгчөөс ч энэ асуудлаар албан тоот илгээсэн. Аль алин дээр нь ээлжит бус чуулган зарласангүй. Энэ нь өөрөө Үндсэн хуулийн зөрчил болчихож байгаа юм.
-УИХ-ын дарга М.Энхболд өөртэй нь холбоотой асуудал хэлэлцэх учраас зориуд ээлжит бус чуулган зарлаагүй гэж та хэлэх гээд байна уу?
-УИХ-ын гишүүд хүсэлт хүргүүлж, Ерөнхийлөгч зарлахыг шаардсан бол УИХ-ын дарга шууд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах учиртай. Гэтэл өөрийнх нь талаарх асуудлыг хэлэлцэх учраас зарласангүй гүрийчихлээ. Ингээд чимээгүй өнгөрчихөж болохгүй. Ийм байдал цаашаа явах тусам парламент институцийн хувьд татан буугдах, энэ тогтолцоо төгсгөл болох бодит эрсдэл үүсчихэж байгаа юм.
-Яагаад?
-Энэ үйл явц өөрөө “УИХ-ын дарга бол УИХ юм” гэдэг ойлголтыг хүлээн зөвшөөрүүлчихлээ. Тиймээс ч асуудлыг бид Үндсэн хуулийн цэцийн түвшинд ярьж, мухарлаж авах хэрэгтэй. Түүнээс биш надад М.Энхболд даргыг сайн, муу гэж дүгнэх гэсэнгүй. Гол нь парламент ингэж ажиллах болохгүй. УИХ-ын нэг ч дарга ирээдүйд өөртэй нь холбоотой асуудал учраас хувийн ашиг сонирхол үүсгэж, парламентын байнгын үйл ажиллагаанд саад учруулах явдал гарахгүй байх ёстой. Энэ бол Монголын ард түмнийг төрийнхөө эрхийг барих үндсэн эрхэнд нь халдаж байгаа үйлдэл юм. Үндсэн хуулийн маш ноцтой зөрчил.
-Таны гомдлыг цэц нааштай шийдэх болов уу?
-Энэ асуудал дээр Үндсэн хуулийн цэц зайлшгүй дүгнэлтээ гаргах ёстой. Дүгнэлтийг нь УИХ-ын түвшинд хэлэлцэх учиртай. Ингэж байж УИХ-ын дарга өөртөө ийм байдлаар үнэмлэхүй эрх олгодог үйлдлийг таслан зогсоож чадна. Дүгнэлт хэрхэн гарахыг одоогоор хэлж мэдэхгүй байна. Би хүсэлтээ 10 хоногийн өмнө өгсөн.