Казиногийн тухай хуулийн төслийн ажлын хэсэг хуралдана
Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий УИХ-ын дөрвөн ажлын хэсэг өнөөдөр хуралдана.
Тухайлбал, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн ажлын хэсэг 10.00 цагт хуралдахаар товлосон байна. Мөн цагт Төрийн байгууллагуудын мэдээллийн систем, сүлжээний нууцлал, аюулгүй байдал, хамгаалалтын өнөөгийн түвшинтэй танилцах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Цахим бодлогын түр хорооны ажлын хэсэг хуралдана.
Харин үдээс хойш буюу 14.00 цагт Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хуралдана. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн ажлын хэсэг хуралдахаар товложээ.