Эгчийнхээ амь насыг хөнөөсөн этгээдийн хэргийг шүүхэд шилжүүллээ
Найзтайгаа хамтарч эгчийгээ хөнөөгөөд хэргээ нуун далдлах зорилгоор орон сууцанд гал тавьсан хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч шүүхэд шилжүүлжээ.
Дээрх хэргийг эргэн сануулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 21-ний өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Саруул" хотхонд гал гарч 27 настай эмэгтэй амь насаа алдсан юм. Шалгалтын явцад талийгаач эмэгтэйг төрсөн дүү болох 19 настай Б, түүний найз 20 настай Э нар хамтран хоолойг нь боож амь насыг нь хохироогоод улмаар хэргийн ул мөрөө устгах зорилгоор гэрээ галдан шатаасан нь тогтоогдсон байдаг. Энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж улмаар прокуророос яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.