Д.Тогтохсүрэн: Хүүхдэд мөнгө олгох биш эцэг, эхийг нь ажилтай болгох хэрэгтэй байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.19/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар энэ сарын 5-нд С.Бямбацогт нарын 11 гишүүний өргөн барьсан Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Хүүхдийн мөнгө улс төрийн сэдэв болсон шүү. Тиймээс би хуулийн төслийг дэмжихгүй. Өнгөрсөн 28 жил халамжийн бодлогоор улс хөгжихгүй гэдэг нь тодорхой болсон байна. Эдийн засаг өсөөд төсөв нэмэгдээд ирэхээр халамж өгөх тухай л ярих юм. Би халамжид чиглэсэн үйл ажиллагаагаа зогсоо. Харин ажлын байрыг нэмсэн, үйлдвэр барьсан бодлогыг л дэмжмээр байна. Бид хүүхдийг биш эцэг, эхийг нь ажилтай, орлоготой болгох шаардлагатай байна. Өнөөдөр ажил хийх хүн олдохоо байчихсан байна. Бизнес эрхлэгчид ч хэлж байна. Та нар халамжаа болиоч ээ гэж. Ер нь цаашид Монгол Улс халамжаар хөгжихгүй гэдгийг 28 жил харуулчихлаа" хэмээн байр сууриа илэрхийлэв.