БНСУ-д харласан иргэдийг сайн дураараа нутаг буцвал ӨРШӨӨНӨ
Сүүлийн үед БНСУ-д хууль бусаар оршин суух иргэдийн тоо огцом өсч, 2018 оны наймдугаар сарын сүүлчийн байдлаар 335.455-д хүрчээ. Тус улсын Хууль зүйн яамнаас 2016 онд Солонгос Улсад хууль бусаар оршин сууж буй иргэд 208.917 байсан бол 2017 онд 251,041-д хүрсэн талаар мэдээлсэн байна. Ийнхүү хууль бусаар оршин сууж байгаа гадаад иргэдийн тоо ихэсч байгаатай холбогдуулан тус улсын Хууль зүйн яамнаас тусгайлсан арга хэмжээ хэрэгжүүлж эхэлжээ.
Тодруулбал, барилга, зам засварын ажил зэрэг ажлын байруудад нэн тэргүүнд хяналт тавьж эхэлсэн байна. Тус ажлын байранд ажиллах явцад баригдсан хууль бус оршин суугчдыг улсын хилээр албадан гаргах арга хэмжээ авахаар болжээ. Мөн хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг олон тоогоор удаа дараа ажиллуулсан ажил олгогч, зуучлагчдад торгууль ногдуулах, тухайн ажил олгогч, брокерын нэрийг олон нийтэд ил болгохоор болжээ.
Солонгос улсын хилээр орж ирэхээс өмнө иргэдэд урьдчилан виз болон хилээр нэвтрэх шалгалт хийх юм байна. Энэ хүрээнд хууль бусаар ажиллах магадлалтай иргэдийг ангилж, виз олгохоос татгалзах болон визгүй зорчдог улсын иргэдээс хууль бусаар ажиллах магадлал өндөр гадаад иргэдийн хувьд улсын хилээр нэвтрэх шалгалтыг өндөржүүлэхээр болсон байна.
Энэ хүрээнд БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албанаас оршин суух хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдэд өршөөлийн аян өрнүүлж эхлээд буй юм. Тодруулбал, визний хугацаа дууссан иргэдийг 2018 оны аравдугаар сарын 1-нээс 2019 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд сайн дураар Солонгос Улсаас гарсан тохиолдолд тухайн улсад дахин зорчихыг хориглосон арга хэмжээнээс чөлөөлөгдөх боломж олгожээ. Энэхүү аянтай зэрэгцэн шалгалтын ажиллагааг идэвхжүүлж буй бөгөөд баригдсан гадаадын иргэдийг албадан гаргаж байгаа аж.
Хэрэв баривчилгаанд өртөн буцсан тохиолдолд хамгийн ихдээ 10 жилийн хугацаанд тус улсад зорчих эрхгүй болох юм. Хууль бусаар оршин суугч иргэдийн харьяалах улсад хууль бусаар оршин сууж байгаа статистик мэдээг мэдэгдэж, тухайн улстай энэхүү асуудлыг шийдвэрлэхээр хамтран ажиллахаар болжээ.
Сайн дураар нутаг буцах аянд хамрагдахын давуу тал:
-Визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугч гадаадын иргэд БНСУ-ын хилээр орж ирэх хоригоос чөлөөлнө.
-Хууль бусаар оршин сууж байсан гадаадын иргэн ба ажил олгогчид хүлээлгэх хуулийн хариуцлагаас чөлөөлнө.
-Түр саатуулах байранд хорихгүйгээр чөлөөтэй хилээр буцаана.
-Эх орондоо буцсаны дараа БНСУ-ын ЭСЯ-наас холбогдох визийг журмын дагуу авч, дахин тус улсад ирэх боломжтой. Өөр хүний бичиг баримтаар орж ирсэн иргэдэд энэхүү өршөөл үйлчилнэ. Харин гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэдэд өршөөл үйлчлэхгүй.
-Хууль бусаар оршин суугч гадаадын иргэдэд ажил олгосон болон зуучилсан аж ахуйн нэгжүүд, хувь иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна торгууль ногдуулах, үйл ажиллагааг зогсоох хүртэл хатуу арга хэмжээ авна.
-Визийн хугацаа хэтрээгүй ч хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн (оюутан, дагалдан оршин суугч г.м) тохиолдолд албадан нутаг буцаана.
Хэрхэн сайн дураар эх орондоо буцах вэ?
-Сайн дураар буцаж буй гадаадын иргэн нь тухайн өдрийн буцах онгоцны тийз, гадаад паспорт болон аялал жуулчлалын баримт бичигтэй цагаачлалын албанд хандан сайн дураар эх орондоо буцаж буй талаарх мэдүүлгээ өгсний дараа эх орондоо буцах боломжтой болно.
-Өөр хүний гадаад паспортоор Солонгост ирсэн зэрэг баримт бичгийн зөрчилтэй иргэдийн мэдүүлгийг шалгахад цаг орж байгаа тул эх орондоо буцахаас гурав хоногийн өмнө нисэх буудал болон цагаачлалын албатай урьдчилан холбоо барих хэрэгтэй юм байна.