ЗТХЯ-ны хүн амины хэрэгт дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэллээ
Одоогоос хоёр сарын өмнө Зам тээврийн хөгжлийн яамны байранд хүн амины хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Тус хэрэгт яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжигтнээр татан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгаж байна.
Улмаар талийгаачийн ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийж, хэрэг гарсан өдөр Т.Гомбосүрэн рүү залгасан утасны дуудлагын бичлэгийг олон нийтэд дэлгэсэн байдаг. Уг бичлэгт ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Лхагвасүрэнгийн яриа бичигдсэн байдаг. Тэгвэл тус баримтад тулгуурлан Б.Лхагвасүрэнг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн ба түүнийг гадуур байцааж байна.
Талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхний зүгээс түүний албан тушаалыг авахын төлөө амь насыг нь хохироосон гэж үзэж байгаа бөгөөд хэргийн газрын камерын бичлэг алдагдсан тухай ноцтой баримтуудыг хэлж байсан юм.
Харин бичлэг болон нотлох баримтууд алдагдсан гэдэг нь ташаа мэдээлэл хэмээн Нийслэлийн прокурорын газраас мэдэгдсэн байдаг.