Эрээнд хүүхдээ барьцаанд тавьсан гэх хэргийн мөрөөр
Төрүүлсэн үрээ харь оронд, огт танихгүй хүний гарт барьцаанд хаясан жигшүүртэй хэрэг гарсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Тодруулбал, гурван хүүхдийг эцэг эхчүүд нь Эрээнд мөнгөний барьцаанд үлдээсэн байдаг. Энэ тухай мэдээлэл анх “Хүүхдийн тусламжийн 108” утсанд болон холбогдох эх сурвалжууддаас дуудлага ирснээр сөхөгдөөд буй юм. Улмаар цагдаагийн байгууллага болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хөдөлж, хүүхдүүдийг эх оронд нь авчраад буй юм.
Тэдгээр хүүхдүүдийн нэгийг ээж нь амьдарч байсан буудлынхаа мөнгийг төлж чадахгүйд хүрсний улмаас бичиг баримттай нь цуг үлдээсэн байжээ. Улмаар 2018 оны эхээр тухайн 14 настай эмэгтэй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж, бие махбодийн болон сэтгэл санааны дарамтад өртөж хохирсон байна.
Ээж нь хилээр охиноо авч гараад, бизнес хийн алдагдалд оронгуутаа "Манай хүүхэдтэй хамт байж бай" гээд хүүхдээ барьцаалж орхижээ. Зочид буудлын нэгэн өрөөнд 14 настай охин ганцаараа олон хоног болсон байна. Харин мөнгө олж ирээд, охиноо авна гэсэн ээж эргэж очоогүй аж. Охины эцэг эх салсан, ээж нь архины хамааралтай нэгэн бөгөөд цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, өчигдөр олсон билээ. Охины хэлснээр монгол ээж, хятад аавтай бөгөөд ээж нь Баянзүрх дүүргийн харъяат иргэн юм байна.
Харь оронд орхигдож, бэлгийн хүчирхийлэд өртсөн 14 настай охины талаар холбогдох албаныхан хэлэхдээ “Өнгөрсөн зургадугаар сард ийм хэрэг гарсан. Хил хамгаалах ерөнхий газар болон Эрээн дэх консулын газар хамгийн анх мэдээлсэн юм. Дуудлагын дагуу очиход охиныг хүчирхийлүүлсэн гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хэдийнэ эхэлчихсэн байсан.
Охиныг ямар нэгэн мөнгөний барьцаанд үлдээгээгүй, буудлын төлбөр төлөгдөөгүйгээс паспортыг нь барьцаалчихсан байсан. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас таван сая төгрөг зарцуулж эх оронд нь авч ирсэн. Охины буудлын төлбөр, барьцааны төлбөрт нийт 5-6 сая төгрөг төлсөн” хэмээсэн.
Одоогийн байдлаар охиныг Өвөрмонголын иргэн хүчирхийлсэн байж болзошгүй гэх таамагтайгаар хэргийг мөрдөн шалгах ажиллагаа Хятад улсад явагдаж байгаа аж. Охин эх орондоо ирснийхээ дараа нэг удаа мэдүүлэг өгөөд ирсэн бөгөөд шаардлагатай бол дахин очих юм байна. 14 настай охины тухайд ийм байна.
Барьцаанд үлдсэн хоёр хүүхэд ямар байв, ямар шалтгааны улмаас хэзээ эцэг эх нь Эрээнд орхив гэдэг асуулт гарч байна. Эдгээр хүүхдүүд эрэгтэй байх магадлалтай юм. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ГХЗХГ-аас “Эрээнд эцэг эхдээ орхигдсон хүү монгол хэл мэдэхгүй байгаа нь Монголд авчрахад хамгийн том асуудал болоод байгаа тухай” зарласан байдаг.
Монгол хэлээ мэдэхгүй байгаа гэхээр бүр багаасаа буюу нэлээд урт хугацааны турш Эрээнд орхигдон хоцорсон гэсэн үг юм. Энэ тухай Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас тодруулах гэсэн боловч “Болсон хэрэг явдлын тухайд хувь хүний нууцад хамаарч байгаа учраас хохирогчдын талаарх нарийн мэдээллийг нууцлах нь зүйтэй. Мөн тухайн хүүхдүүдийн ирээдүйд амьдрах урам зориг, нэр хүндийг нь бодоод дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариулт өгч байлаа.
Ямартай ч хоёр хүүгийн нэг нь бага насны хүүхэд учраас ээж нь гудамжинд бусдаас гуйлга гуйлгуулдаг юм байна. Нөгөө нь монгол эмэгтэй хил давж, гадаадын (хятад) иргэнтэй хамтран амьдарснаар хүүхэдтэй болоод, улмаар хүүхдээ Эрээнд орхисон ажээ.
Эдгээр хоёр хүүг ч Монголын төр эх оронд нь буцаан авчраад байгаа юм. Өөрөөр хэлбэл 2018 оны улсын төсөвт хүүхэд хамгааллын зардалд 6.4 тэрбум төгрөг суулгасан. Эрээнд байсан гурван хүүхдийг авч ирэхэд нийт 13 сая төгрөг зарцуулагдсан тухай ГБХЗХГ-ынхан мэдээлсэн юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хүүхдүүд “18 сая, 15 сая, таван сая” төгрөгийн барьцаанд байсан гэх мэдээлэл ор үндэсгүй аж. Өөрөөр хэлбэл нэг нь л гэхэд гадаад паспорт төдийхний барьцаанд үлдсэн байсан болж таарав.
Хоёр хүүгийн талаар ЦЕГ-аас ч тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа юм. Энэ талаар ЦЕГ-аас “Хэрэг Монгол Улсын газар нутагт үйлдэгдээгүй. Тиймээс манай талаас шалгах боломж байхгүй. Уг кейс дээр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар ажиллаж байгаа. Иймд тухайн байгууллагаас мэдээлэл аваарай” хэмээлээ.
Ямартай ч одоогийн байдлаар хүүхдүүдийн биеийн байдал нь хэвийн, нөхөн сэргээх эмчилгээнд явуулж, сургуульд оруулсан байна. Асрамж халамжийн байгууллагын нийгмийн ажилтан Т.Нямтогоо 14 настай охины талаар хэлэхдээ "Анх охин ганцаардсан, нэлээд сэтгэл түгшсэн байдалтай хүнд ирсэн. Бид тулж ажиллан, мэргэжлийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, эрүүл мэндийн үзлэгт оруулсан.
СЭМҮТ-ийн эмчийн дүгнэлтээр одоохондоо ерөнхий боловсролын сургуульд сурах боломжгүй гэсэн учраас тусгай сургалттай сургуулийн дөрөвдүгээр ангид суралцаж байна. Охин анх ирэхдээ их зожиг, дуугаа хураасан, нийгмээс нэлээд тусгаарлагдсан, айж, цочсон байдалтай байсан. Харин одоо нийгэмшин, өөрийгөө нээх чадвартай, эелдэг, зөөлөн, даруухан охин болсон" гэжээ.
Хүүхдүүдээ орхисон эцэг эхчүүд эхнээсээ цагдаагийн байгууллагад шалгагдаад эхэлчихсэн. Гэм буруутай эсэх нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдох юм. Шүүхээс тэдний гэм буруутайг тогтоовол “эцэг эх байх эрхийг нь хасах хүртэл” арга хэмжээ авах тухай холбогдох албаныхан хэлж буй юм.
Монгол Улсын төр хүүхдийн хуулиар олгогдсон “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах, сурч боловсрох, хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрх, эрх чөлөөг хангах”-д чиглэсэн бодлого баримталж хамгаалах үүрэгтэй. Тус үүргийнхээ дагуу гурван иргэнээ ийнхүү авран хамгаалсан гэж ойлгогдож байна.
Хүүхдүүдийн тухай мэдээлэл зөвхөн дуулдаж, сөхөгдөж эхэлж буй нь энэ. Өдөрт 6-8 мянга орчим хүн Эрээн рүү гардаг Замын-Үүд боомтод төрийн анхаарал цаашид хамгийн их хэрэгтэй байгааг сануулсан үйл явдал боллоо.
Албаны мэдээллээр Эрээнд 1000 гаруй хүүхэд суралцдаг бол төрийн бус байгууллагуудын өгч байгаа албан бус мэдээллээр хөдөлмөр эрхэлж буй хүүхэд ч олон байдаг аж. Гэтэл энэ олон хүүхдийн эрх зөрчигдөж байгаа эсэх талаар өнөөдөр холбогдох байгууллагуудад тодорхой мэдээлэл алга. Тэнд хичнээн хүүхдийн эрх зөрчигдөж, хичнээн хүүхэд төрийн хамгаалалт хүсч байгааг таашгүй юм.