Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг хойшлууллаа
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байлаа. Гэвч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд АН-ын бүлгийн 2019 оны төсвийн төслөөс авсан завсарлагын хугацаа дууссаны дараа хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Ингэснээр тухайн хуулийн төслүүдийг дараагийн долоо хоногт хэлэлцэхээр болж байна. Хэлэлцүүлэг нь хойшилсон төслүүдээс олны анхаарлыг татаж буй төсөл нь хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн хэдэн хувьд нь олгохыг зохицуулсан төсөл юм.
Засгийн газар 2019 оны төсвийн төслийг өргөн барихдаа нийт хүүхдийн 80 хувьд нь хүүхдийн мөнгийг олгохоор тусгасан тухайгаа мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгөний олголтыг ирэх онд 20 хувиар нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Гэвч УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэргүүтэй 11 гишүүн Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачлан өргөн барьсан. Уг тогтоолын төслийн агуулга нь ирэх онд хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгох юм.