Үнийн өсөлт сөрөх шинэ туршлага үгүйлэгдэж байна
Монголд ам.долларын ханш 2500 төгрөг давж, дээр, дооргүй сандарч байх зуур бөмбөрцгийн нөгөө хагаст зах зээлийн томоохон тоглогчдын дунд түүхий газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.долларыг давна гэх таамаг өрнөж байна. Есдүгээр сарын сүүлчийн долоо хоногоос Brent төрлийн газрын тосны үнэ 80 ам.доллар давж, 2014 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрэв. Цаашдаа ч түүхий газрын тосны үнэд нийлүүлэлтээс үүдсэн өсөлт давамгайлах бодит нөхцөл үүсээд буй юм. ОПЕК газрын тосны нийлүүлэлт нэмэгдэж, үнэ буурч эхэлмэгц олборлолтоо танах бодлого баримталж буйн зэрэгцээ Венесуэльд нүүрлэсэн эдийн засгийн хямрал, мөн ирэх сарын 5-наас Ираны эсрэг тавьсан АНУ-ын хориг хэрэгжиж эхэлнэ. “Ингэснээр газрын тосны нийлүүлэлт өдөрт 300-700 мянган баррелиар багасна. ОПЕК-ын гурав дахь том олборлогч ираны нийлүүлэлт үнэмлэхүй багассанаар газрын тосны үнэ зул сар гэхэд баррель нь 90 ам.долларыг давж, 2019 гарахад 100 ам.долларт хүрнэ” хэмээн олон улсын түүхий эдийн Trafigura Group-ийн газрын тосны худалдаа хариуцсан захирал Бен Лаккок ярьсан удаатай.
Харин Mercuria Energy группийн үүсгэн байгуулагчдын нэг Дэниел Иегги дөрөвдүгээр улиралд өдөрт хоёр сая баррелийн нийлүүлэлтийн хомсдол үүсэхэд түүнийг нөхөх хэмжээний бүтээгдэхүүн зах зээлд байхгүй” хэмээв. Тэгвэл Bank of America, Citi Group зэрэг томоохон зээлдүүлэгчид газрын тосны үнийг 80-90 ам.долларт хэлбэлзэнэ гэж үзэж буй ч 100 ам.доллар давахыг үгүйсгэхгүй байна. Түүнчлэн ОХУ энэ сараас эхлэн газрын тосны экспортын гаалийн татвараа тонн тутамд 7.5 ам.доллараар өсгөж, 137.5 ам.доллар болгов. Ийнхүү 2014 оны сүүлчээс үнэ нь эрчимтэй унаж, өнгөрсөн оны дунд үе хүртэл савлагаатай байсан газрын тос эргээд үнийн өндөр мөчлөгт шилжих нь шатахууны хэрэгцээгээ импортоор авдаг монголчуудын хувьд хамгийн таагүй мэдээний нэг. Шатахууны жижиглэнгийн дундаж үнэ он гарсаар литр тутамдаа дунджаар 200 гаруй төгрөгөөр өсөөд буй. ОХУ-аас есдүгээр сард импортолсон шатахууны хилийн үнэ 8-10 ам.доллараар нэмэгдэн, нэг тонн АИ-92 автобензин 721 ам.доллар, дизель түлш 673 ам.доллараар орж иржээ. Харин энэ сард хилийн үнэ 45-85 ам.доллараар өснө гэдгийг албаны эх сурвалж хэллээ.
• Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол нэг литр шатахууныг хэдийнэ 2000 төгрөг давсан үнээр худалдаж авах байсан.
• Өсөлттэй байсан газрын тосны үнийн хамаарлыг бууруулахын тулд жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтвортой барьж байсан туршлага бидэнд бий.
• Монголчуудын шатахууны хэрэглээ 2020 он гэхэд жилд 1.6 сая, 2022 онд 1.9 сая, 2027 онд 2.4 сая тоннд хүрэх төлөвтэй.
Дэлхийн зах зээл дээр 2009 оноос хойш 2014 оны төгсгөл хүртэл өсөлттэй байсан газрын тосны үнийн хамаарлыг бууруулахын тулд 2012 онд жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтвортой барьж байсан туршлага бидэнд бий. 2012 оноос гурван жилийн хугацаанд хэрэгжсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн яам, Монголбанктай хамтран “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд түүхий газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр цойлж 118 ам.доллар давж байсан үеүдэд монголчууд нэг литр бензинийг 1500 орчим төгрөгөөр авч байсныг санаж буй биз ээ. Шатахууны үнийг дагаад дамаар, сургаар бүхий л өргөн хэрэглээний бараабүтээгдэхүүний үнэ өсч, инфляц хөөрөгддөг манай улсын хувьд тухайн үед үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол нэг литр шатахууныг хэдийнэ 2000 төгрөг давсан үнээр худалдаж авах байсныг Монголын нефть, хийн үндэсний ассоциацийн тэргүүн асан Л.Цэрэндаваа хэлж байсан.
Тэрбээр “Уг хөтөлбөр хэрэгжээгүй байсан бол хоёр жилийн хугацаанд жижиглэнгийн шатахууны зах зээлийн үнэ 200-509 төгрөгийн хэлбэлзэлтэй нэмэгдэх байсан” гэв. Өөрөөр хэлбэл, 2012 онд нэг литр шатахуун 1800 төгрөг, 2013 онд 2000 төгрөг хол давах байсан гэсэн үг. Тэр хэрээр бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, инфляц өсөх нь тодорхой байсан юм. МУИС-ийн төгсөлтийн дараах сургуулийн захирал, доктор Б.Отгонтөгс “Төсвийн орлого муудаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт 70 хувиар багасаж, нийлүүлэлт тасалдсан үед дэд хөтөлбөрүүд ач тусаа өгсөн гэж боддог. Хөтөлбөр хэрэгжээгүй бол зөвхөн 2014 оны эхний хагаст гэхэд мах, бензин шатахууны үнэ 2015 оныхоос 2.5-4.6 дахин нэмэгдэх байсан гэсэн судалгааг эдийн засагчид хийсэн” гэсэн юм. Албан ёсны тайланд дурдсанаар уг хөтөлбөр хэрэгжсэн гурван жилийн хугацаанд шатахуун импортлогч 14 компанид нийт 226.4 тэрбум төгрөгийг жилийн 3.8 хувийн хүүтэй зээлж, нөөцөө ихэсгэж, зөрүүгээ нөхөж байв. Үр дүнд нь хөтөлбөрт хамрагдсан барааны үнийн өсөлт 2010-2012 онд дунджаар инфляцын 23.7 хувийг эзэлдэг байсан бол 2013 онд инфляцад нөлөөлөх нөлөөлөл нь 1.3 дахин, 2014 онд 17.8 дахин буурсан юм.
Харамсалтай нь, айсуй үнийн өсөлтийг ийм арга замаар сэргийлдэг хуучин туршлага ул болох нь. Тодорхой хэлбэл, Монголбанктай хамтран дахин татаас байдлаар шатахууны жижиглэнгийн үнийн зөрүүг нөхөх боломжгүй. Төв банкны тухай хууль болон ОУВС-гийн өртгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлж болохгүй. Тиймээс шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой барих даалгавар салбарын яам, Сангийн яам, цаашлаад Засгийн газраас шийдлээ хүлээж байна. Одоогоор энэ талаар Сангийн яаманд ямар нэгэн санал ирээгүй байгаа аж. Төрөөс газрын тосны салбарыг 2018-2027 онд хөгжүүлэх тухай бодлогын баримт бичигт тусгаснаар шатахууны хэрэглээ жилээс жилд өсөж буй. 2020 он гэхэд жилд 1.6 сая, 2022 онд 1.9 сая, 2027 онд 2.4 сая тоннд хүрэх төлөвтэй. Хэрэв байдал энэ чигээрээ үргэлжилбэл өсөн нэмэгдэж буй энэ хэрэглээг дагаад эдийн засаг төдий чинээ тогтворгүй болно. Урт хугацаанд үнийн хамаарлыг бууруулахын тулд газрын тос боловсруулах үйлдвэрээ яаралтай ашиглалтад оруулах нь чухал ч дунд хугацаанд ямар арга хэмжээ авах нь одоогоор хариулт нэхэж байна.